Европын Холбооноос анхааруулсны дагуу ТикТок аппликэйшн Израил, Хамас бүлэглэлийн мөргөлдөөний талаарх бичлэгүүдэд хяналт тавьж буйгаа мэдэгдэв. Тодруулбал, Европын Холбооноос “ТикТок”-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чю–г 24 цагийн дотор яаралтай арга хэмжээ авахыг хүссэн юм.
Аравдугаар сарын 7-нд Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс болж цахим сүлжээнд уг мөргөлдөөний талаарх “маш олон” мэдээ, бичлэг цацагдсан. Үүнд худал мэдээлэл ч мөн багтаж байна. Тиймээс ТикТокын зүгээс хүчирхийллийн шинж чанартай мэдээ мэдээлэл, хаягуудыг устгасан гэв.
ТикТокоос гаргасан мэдэгдэлд "Бид олон нийтийн аюулгүй байдал хийгээд платформынхоо төлөө нөөц бололцоогоо нэн даруй дайчиллаа" гэжээ. Европын Холбооны комиссар Тьерри Бретон тус компанид илгээсэн захидалдаа “ТикТок нь залуучуудын дунд нэр хүндтэй платформ тул "хүүхэд, өсвөр насныхныг хүчирхийллийн агуулга, терроризмын суртал ухуулга, түүнчлэн үхлийн амь насанд аюул учруулж болзошгүй контентоос хамгаалах" хэрэгтэйг анхааруулж байна” гэсэн байна.
Эх сурвалж: BBC