Урологи, андрологийн эмч нар 2023 оны эрдмийн чуулганаа зохион байгууллаа. Чуулган Урологи , Андрологийн чанар аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах* сэдвийн хүрээнд болсон юм. Энэ үеэр Урологи, андрологийн холбооны Ерөнхийлөгч, УНТЭ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Нямсүрэнтэй ярилцлаа.
Өнөөдрийн хурлаар салбарынхаа ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?
Эхлээд урологи, андрологи гэдэг нэршлийг тайлбарлаж өгье. Урологи гэдэг нь бөөр, шээсний замын бүх өвчнийг оношлоод, эмчилдэг. Мэс засал голдуу хийдэг. Эмээр эмчлэх өвчнүүд ч бий. Андрологи гэдэг нь эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмгэгийг мэс заслаар 70-80 хувийг нь хийдэг. 20-30 хувийг нь эмээр эмчилдэг. Урологи,андрологийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, аюулгүй байдлын хангах сэдвээр чуулганаа хийж байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажилладаг энэ чиглэлийн бүх эмч цуглаад байна. Бидний эрдмийн баяр болж байна гэж хэлж болох юм. Эмч нар маань практикт ажиллахаас гадна, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, судалгаа хийж байгаа нь ихээхэн сайшаалтай.
Хүн амын дунд голлон тохиолдож буй өвчлөл юу байна?
Бөөр, шээсний замын чулуужих өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна. Хоёрдугаарт, үрэвсэлт өвчнүүд байна. Гуравдугаарт, түрүү булчирхайн хортой, хоргүй хавдрууд, үүний дараагаар бөөрний хавдрын өвчлөл багтаж байна. Үүн дотор бөөр, шээлгүүр, давсагны хавдар, түрүү булчирхайн хавдар түгээмэл байна.
ШҮД ХОРХОЙТОХ НЬ БӨӨРНИЙ ӨВЧЛӨЛИЙН СУУРЬ ШАЛТГААН БОЛДОГ
Бөөрний өвчлөл үүсэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл юу байдаг вэ?
Бөөрний өвчлөл үүсэхэд хүргэхэд нөлөөлдөг дотоод болон гадаад хүчин зүйлс бий. Хүүхэд ахуй насандаа шүд хорхойтох, хоолой, гүйлсэн булчирхай нь байнга өвдөх,чихнээс булаг гоожих, хамрын хөндийн гайморит зэрэг нь бөөрийг өвчлүүлэх, бөөрний түүдгэнцрийн үрэвсэлд үүсэхэд хүргэдэг. Хоёрдугаарт, мэс заслын талаас нь харвал түрүү булчирхай, бөөрний үрэвсэлт өвчнүүд, чулуужих өвчин, хавдар зэрэг нь олон шалтгаантай. Үүнээс сэргийлэхийн тулд даарч хөрөхгүй байх, идээт голомтуудыг хурдан эмчлүүлэх чухал. Мөн гадаад орчны нөлөө ч бөөрний өвчний суурь болдог. Тухайлбал, утаа униар, агаар, усны бохирдол, эмийн замбараагүй хэрэглээ орно. Түүнчлэн, бэлгийн замын халдварт өвчин тусчихаад дутуу эмчлүүлсэн тохиолдолд бөөр, шээсний замын өвчлөл үүсгэх эрсдэл дагуулдаг.
Нуруугаар л өвдвөл бөөр өвдлөө гэж ойлгоод байдаг тал бий шүү дээ. Өөр шинж тэмдгээр бас илэрдэг байх нь ээ?
Тийм ээ. Бөөр өвчлөхөрөө ар нуруугаар л өвддөг юм биш. Шээсний болон цусны ерөнхий шинжилгээгээр, биохими шинжилгээ, эхо оношилгоо, компьютерт томографи зэрэг бүх нарийн шинжилгээг хийж,нотолгоонд суурилсан зарчмаар оношийг тогтооно.
Хүмүүс бөөр өвдөхөөр дур мэдэн эмчлэх тохиолдол бий. Энэ талаар та зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөөч.
Бие эвгүйрээд, халуурах ч юм уу, бөөр, ууц нуруу, цавиар өвдөх үед яаралтай эмчид л хандах хэрэгтэй. Нотолгоонд суурилсан оношилгоо хийж, үүнийхээ дагуу эмчилгээ хийх ёстой. Тэгэхгүйгээр өөрөө эмчилчихнэ гээд явбал өвчин хүндрээд, асуудал газар авсан хойно араас нь хөөгөөд, гүйцэх ч юм бий. Гүйцэхгүй ч юм бий. Даарна гэдэг бага аарцгийн хөндийн судас агшиж, цусан хангамж буурдаг. Ингэснээр үйл ажилллагааг нь доголдуулдаг. Маш муу үр дагаврууд гарч ирдэг.
Түрүү булчирхайн өвчлөл наснаас хамаардаг уу? Эсвэл залуусын дунд ч түгээмэл байна уу?
Түрүү булчирхайн архаг үрэвсэлийн тухайд нөхөн үржихүйн насны буюу 20-50 насны залууст түгээмэл тохиолдож байгаа. Түрүү булчирхайн хоргүй томрол 40 наснаас эхлээд, 60-70 насанд нэлээн ихсэх, 80 насанд бүр томордог. Түрүү булчирхайн хоргүй томрол даавраас хамааралтай. 40-өөс дээш насанд эрэгтэйчүүдийн эр даавар буюу тестестроны хэмжээ багасдаг. Багасахын хэрээр түрүү булчирхай сөрөөд томордог аюултай. Үүнээс шалтгаалж
шээс хаагддаг. Шээс хаагдлын хам шинж илэрмэгц эмнэлэгт хандаж эмчлүүлэхгүй бол шээсний хордлогонд орох, бөөрний үйл ажиллагаа хямрах, нийт эрхтэн систем хямрах аюултай.
Та өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Эрэгтэйчүүд ичиж зовсноосоо болж өвчнөө хүндрүүлж ирж байна" гэсэн байсан. Ийм эрсдэл хэр гарч байна вэ?
1990 он хүртэл эрэгтэйчүүд бэлгийн сулрал, түрүү булчирхайн өвдөлт, шээс хаагдах, түрүү булчирхайн томролт зэрэг өвчнөө их нуудаг байлаа. 1990 оноос хойш хандлага өөрчлөгдөж, энэ өвчнийг нууж болохгүй юм байна, эмчилдэг юм байна гэдэг хандлага нэмэгдсэн. Өнөөдөр нууж хаах асуудал их багассан.
ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙНХЭЭ БЭЛЭГ ЭРХТЭНИЙГ БАГААС НЬ САЙТАР ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Таныг олон жилийн хугацаанд ажиллахад өвчнөө хүндрүүлсэн, хүнд тохиолдлууд хэр тааралдаж байв? Эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу.
Эрэгтэй хүүхдүүдийг хүүхэд насанд нь аав ээж нь бэлэг эрхтнийг нь сайн үзэж байх ёстой. Боожгой нь хойшоо эргэж байна уу, үгүй юу, хоёр төмсөг нь байрлалдаа байна уу, үгүй юу гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Бөөрөө бас сайн шинжлүүлж байх хэрэгтэй. Мөн шодойны шамранги арьс хойшоо эргэхгүй байсаар байгаад хүндрэх, шээсний үйл ажиллагаа алдагдах, шээс боогдох, явцын дунд давсаг ажиллагаагүй болох, хоёр бөөр усжих зэрэг эрсдэлүүд бий. Түүнчлэн, хоёр төмсөг байрлалдаа буугаагүй бол хорт хавдар болдог аюултай. Үүнээс гадна, үргүйдэлд хүргэдэг. Хэрвээ бага залуу насанд нь хоёр төмсөгний аль нэг нь ч юмуу, буугаагүй бол анхаарч, эмчлүүлэх чухал. Дээрээс нь шодойн арьс хойшоо эргэж байна уу гэдгийг үзэж шалгаж байх чухал. Хүүхдүүд аав ээждээ нуугаад хэлээгүйгээс болж маш хүндэрсэн тохиолдлууд бий. Хоёр төмсөгнийх нь нэг нь хавдар болоод, маш том хэмжээтэй болчихсон тохиолдлууд таарч байсан. Тийм учраас янз бүрийн өвчин зовлон байвал аав ээж, ах дүү, эмч нараасаа нууж болохгүй. Аав ээж нар ч хүүхдээ сайн анхаарч "Шээсний сүв нь хаана байрласан байна" гэх мэтчилэн шалгах шаардлагатай. Хэрвээ шээдэг сүв нь буруу газар байрласан бол эрт илрүүлэхгүй бол маш аюултай. Насан
туршдаа хүнд байдалд орохгүйн тулд дор дор нь эмчлүүлэх чухал. Төрөхдөө нэг бөөртэй төрсөн улсууд бий. Нэг бөөр нь жижиг хүмүүс ч байдаг. Энэ тохиолдолд ч эрт оношлуулаад, үлдсэн нэг бөөрөө маш сайн хамгаалж явахгүй бол болдоггүй.
Та яриандаа бэлгийн сулрал гэж дурдлаа. Үүнтэй холбоотой судалгаа Монголд хийгдсэн байдаг болов уу?
Нөхөн үржихүйн насны залуучуудын дунд бэлгийн сулрал 10 хүний дунд 1-2охиолдох жишээтэй байна. Энэ бол дэлхий нийтэд нэлээн түгээмэл өвчин. Гэхдээ үүнийг эрт үеэс нь оношоо зөв тодруулаад, эмчлээд явбал эдгэрэх боломжтой. Гол шалтгаан нь төмсөг, шодойн гэмтлүүд, үрэвсэлт өвчин байдаг. Мөн сэтгэл санааны хямрал ч үүнд нөлөөлдөг. Хавсарсан шалтгаан ч бий.
УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛХИЙН ЖИШИГТ ОЙРТСОН
Монгол улсад урологи, андрологийн мэс засал хэр түвшинд хүрсэн байна гэж та дүгнэх вэ?
Урологи, андрологийн салбарын хөгжил дэвшлийг улсын хэмжээгээр аваад үзэхэд дэлхийн жишигт ихээхэн ойртсон байна. Өнөөдөр бид нийт мэс заслынхаа 80 гаруй хувийг дурангаар хийж байна. Мөн бөөр шилжүүлэх суулгах донорын хагалгааг дурангаар хийж байна. Энэ мэтчилэн өвчтөнд аль болох өвдөлт шаналгаа багатай, хөдөлгөөний чадвар богино хугацаанд сэргэдэг, гоо зүйн талаас нь хүндрэл үүсгэхгүй мэс заслыг бид хийж чадаж байна. Өнөөдөр бүх аймагт дурангийн мэс засал хийж байна. Төр, хувийн хэвшлийн олон эмнэлэг дурантай болчихлоо. Цаашдаа эмчилгээ, үйлчилгээтэй улам чамбайруулах мөрөөдөлтэй явна даа.
Салбарын ажиллах хүчний хувьд хэр хүрэлцээтэй байна?
Өнөөдөр Анагаахын сургуульд зургаан жил сураад ерөнхий мэс заслын эмч болж байна. Үүнээсээ сонирхлоороо шалгуулаад урологийн эмч болж байна. Бүр цаашлаад андрологийн эмч болдог. Гурван шатыг давж байж нарийн мэргэшлийн эмч болдог учраас манай салбарын эмч нар онолоын болон практикийн маш сайн ур чадвар эзэмшдэг. Гурван сая хүн амтай Монгол улсад 300 орчим урологи, андрологийн эмч байх шаардлагатай. Одоо 150 орчим эмч байна. Одоогоос 15 жилийн өмнө энэ чиглэлийн эмч нар гарын хуруунд багтахаар л цөөхөн байлаа. Сүүлийн жилүүдэд үүнийг төрөөс бодлогоор дэмжээд урологи, андрологийн эмч нарыг хангалттай бэлтгэж байна.
Видеог дээрээс үзнэ үү.