Дүн өвлийн хүйтэнд нүүрсний хулгайн асуудал, шударга бус явдлыг эсэргүүцсэн залуус 20 гаруй өдөр тасралтгүй жагссан үйл явдлыг уншигч та санаж байна уу. Асуудалд 17 хүн холбоотой гэх мэдээллээс цаашлахгүй бид бүхэл бүтэн нэг жилийн нүүр үзлээ.
Энэ хугацаанд ээлжит хулгайн асуудал саяхан сөхөгдөж, “цавчаа ногоон”-ы сүүдэрт нүүрсний хулгайн асуудал дарагдах вий гэж олон нийт эмээж байсан. Гэтэл өнөөдөр ногоон автобусны хэргээ ч шийдсэн зүйлгүй. Аравдугаар сард хийнэ гэсэн нүүрсний сонсголоо ч хойш тавьчих шиг боллоо.
Харин нүүрсний хулгайн хэргийг олон нийт мартаагүйг хэлж, нээлттэй сонсгол зарлахыг шаардаж байна. Одоогоос хагас жилийн өмнө төв талбай дээр 40 их наяд төгрөгөөр үнэлэгдэх их хэмжээний нүүрсний хулгайн асуудалтай иргэд тэмцэж 20-иод өдрийн турш жагссан. Тухайн үед Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ асуудалтай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг хийж, сонсгол зарлана гэж байсан ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй, “нам дарагдсан” байдалтай байна. АТГ-аас нүүрсний хулгайчид Засгийн Газар, Улсын Их Хурлын гишүүд дунд байна гэж мэдээлсэн ч хариуцлага тооцож, улсын хохирлыг барагдуулалтгүй арван сар тойрлоо. Энэ байдалд иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж нүүрсний хулгайн асуудлыг ил болгож нээлттэй сонсгол хийхийг шаардлаа.
ИРГЭД:
- Тэр их мөнгөний асуудлыг яаж мартах вэ дээ. 40 их наяд гэдэг миний хувьд төсөөлж ч чадахгүй тийм их мөнгө. Иргэд энэ бүхнийг мартаагүй. Нээлттэй сонсгол зарлана гэчхээд өнөөдрийг хүртэл нам жим байгаа нь иргэдийг доромжилж буй асуудал гэж бодож байна. Иргэн хүний хувьд эрх баригчид булхайгаа далдлах гээд өөр олон асуудлыг олон нийтийн анхаарлыг төвд оруулаад байна уу гэсэн хардлага байна. Засгийн газрын тусгай сангуудыг асуудлыг бодлогоор сөхөөд нүүрсний хулгайн хэргээ дарах гээд байгаа ч юм шиг. Асуудлыг гол цөм нь нүүрсний хулгайн хэрэг. Үүнийг бид мартаж болохгүй. Ард түмний ирээдүйг өөрсдийнхөө эрх ашгаар арилжсанд үнэхээр бухимдаж байна.
- Яг үнэндээ нүүрсний хулгайн асуудлыг би санаад яах юм бэ. Авлигадаа идүүлсэн төрийн 20, 30 жилийн ужгирсан асуудал. Энэ асуудлыг үнэхээр яах ёстойгоо ойлгохгүй байна. талбай дээр гараад дахиад жагсах уу. өнгөрсөн өвөл өдөр дараалж жагссан. Юу ч өөрчлөгдөөгүй. Одоо улс төрчид сонгуулийн ажилдаа ороод эхэлчихсэн байна билээ. сонгууль болохоос өмнө энэ нүүрсний хулгайн асуудлаа нэг талдаа гаргахгүй бол миний хувьд лав сонголт байхгүй.
- Хууль хяналтын байгууллага нь ажлаа хийж байгаа байлгүй дээ гэх итгэл л байна. Өчнөөн сургууь цэцэрлэг барьж нийгмийн олон асуудлыг шийдэх хэмжээний мөнгөөр хэсэг нөхөд ингээд тоглочихсон гэж бодохоор үнэхээр уур хүрч байна. хулгайч нарт хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг нь барагдуулах хэрэгтэй. Энэ асуудлаа сөхөж ярихгүй байгаа нь төр иргэд рүүгээ нулимж байгаа хэрэг.
- 40 их наяд гээд яриад л байгаа. Яг үнэндээ ард түмэнд ямар ч мэдээлэл алга. Энэ баялаг чинь ард түмний өмч шүү дээ. Хулгайлагдсан өмчийнхөө талаар ард түмэн мэдэх эрхтэй биз дээ. Гэтэл ямар ч мэдээлэл алга. Улс төрчид энэ хулгайн асуудлынхаа үнэн учрыг, хэзээнээс яаж эхэлсэн гээд бүх зүйлийг олон нийтэд тайлагнамаар байна. иргэд жагсахаар л нэг л сайхан сэтгэлтэй, хохирогч дүр эсгэсэн улс төрчид гарч ирээд иргэдийн тархийг угаадаг шүү дээ. Одоо больё л доо. Асуудлаа шийдээд эх орныхоо төлөө хамтдаа хичээе л дээ гэж гуймаар байна.
Өнгөрсөн сард ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар хэлэхдээ “Нүүрсний хэргийн сонсгол явуулахын тулд эхлээд хянан шалгагч, шинжээч нарыг томилно. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргах юм. Улмаар ирэх сард сонсгол болох магадлалтай” гэж байв. Гэтэл өнөө сонсгол зарлах сайд маань хотын дарга болчихсон ажиллаж байна. Одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй. Гэсэн ч тэр нүүрсний сонсгол зарлах тодорхой тов хэлэхгүй байсаар л байна.