Очир төвийн хоёр давхарт талбай түрээсэлж бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан ААН байгууллагыг түрээслүүлэгч нь дур мэдэн нүүлгэхдээ, хаалгыг эвдэж дээрэмчин мэт авирласанд түрээслэгчид бухимдаж байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ түрээслэгчид ямар нэгэн байдлаар нүүлгэх тухай мэдэгдээгүй. Мөн нэг сарын түрээсийн төлбөрөө 125 хувиар нэмж 19 сая төгрөг болгохдоо нэмсэн шалтгаанаа тайлбарлалгүй гэрээгээ зөрчсөн байна. Энэ талаар түрээслэгч П.Жасмин дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр, “Өчигдөр орой биднийг байхгүй байхад түрээслүүлэгч Панда гэх нүүлгэлтийн компанийг дуудаж, хамаг зүйлсийг эвдэж, нүүлгээд байхгүй болгочихсон. Би хүнээс сонсоод сандраад ажил дээрээ ирэхэд хов хоосон талбай угтаж байгаа юм.Есдүгээр сарын 4-нөөс манай тогийг тасалсан. Наймдугаар сарын 14-нөөс түрээсээ нэмнэ гэсэн юм. 125 хувиар нэмсэн дүн буюу 19 сая төгрөгөөр түрээсээ төлнө үү гээд бидэнд нэхэмжлэл ирсэн. Үүнтэй бид эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Гэрээн дээр инфляцийн түвшинтэй уяж, 20 хүртэлх хувиар нэмнэ гэж заасан байгаа. Мөн яагаад түрээс нэмж байгаа талаар тодорхой тайлбар бичих ёстой. Гэрээгээ зөрчиж байна гэдэг нь хуулиа зөрчиж байна гэсэн үг.
Түрээслэгч талаас биднийг хуулийн байгууллагадаа ханд гэсэн. Бид хуулийн байгууллагад хандсан. Түрээс нэмсэнээс хойш 25 өдрийн дараа СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх асуудлыг хүлээж аваад хэрэг үүсгэсэн. Шүүгчийн захирамж нь ч гарсан. Захирамж нь манайд ирсэнийг бодвол Очир төвийн менежментийн компанид ирсэн л байгаа шүү дээ. Анхан шатны шүүх хурал болоогүй байхад, ямар нэгэн шүүгчийн захирамж гараагүй байхад, эзэд, түрээслэгчид нь байхгүй хойгуур, дотор ороод хамаг хогшил тоноод аваад явчихсан байна. Өчигдөр би энд хоноод хоолой сөөчихсөн. Ханиад хүрчихсэн ийм л байдалтай байна.
Есдүгээр сарын 4-нөөс хойш 23 хүн ажилгүй боллоо. Банкныхаа зээлийг төлж чадахгүй байна. Бусад бүх асуудлууд овоорсон байна. Хэцүү байна үнэндээ. 1980-аад оны залуус дандаа бизнес эрхэлдэг. Энэ мэт асуудлаас үүдэж нуруугаа авахуулж байна. Энэ үйлдэл бол дээрмээс өөрцгүй, хууль бус үйлдэл. Яагаад манайхаас нэг ч хүн байлцуулахгүй ийм үйлдэл хийж байгааг ойлгохгүй байна. Акт үйлдэх ёстой, цагдаа байх ёстой, камерын бичлэг ч байх ёстой. Манай камерыг хүртэл салгаад явчихсан байна” гэлээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс түрээслүүлэгч талаас тайлбар авах гэж хэд хэдэн удаа оролдлоо. Тухайн талбайг түрээслүүлнэ гэх зар дээрх хоёр дугаар луу залгахад, “Ажиллахаа больсон, дугаараа сайн шалгаад залга” гэсэн юм. Мөн түрээслүүлэгч талын ажилтан Эрдэнэчимэг гэх хүнтэй ярих гэсэн боловч утас нь холбогдоогүй учраас тайлбар авч чадаагүй.
Мөн бид хуульч Т.Хонгортой холбогдож энэ асуудалд хууль хэрхэн зөрчигдсөн, мөн хуульч ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. Тэрээр, “Түрээсийн төлбөр нэмэгдэх тохиолдолд, ямар хугацаанд мэдэгдэх заалтаа гэрээгээр зохицуулдаг. Жишээ нь сард төлдөг төлбөрөө аливаа байгууллагууд тохирсон байдаг. Тэр нь огцом нэмэгдвэл яах юм, тодорхой хувиар нэмэгдвэл яах юм. Үүнийг гэрээгээрээ нарийн зохицуулах хэрэгтэй. Аль ч нөхцөлд тухайн байгууллагын хөрөнгөд халдах эрх байхгүй. Хэдий объект нь тухайн түрээслэгчийн өмч ч гэлээ, дотор нь түээслэгч талын эд хөрөнгө байгаа. Үүнд хуулийн байгууллагын ажилтан эсвэл түрээслэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр, актгүйгээр, видео бичлэггүйгээр гар хүрэх, нүүлгэсэн бол хууль зөрчиж буй асуудал мөн” гэлээ. Мөн түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зохицуулалт хэр хангалттай байдаг талаар түүнээс тодруулахад, “Ерөнхий хуулийн зохицуулалт л байгаа. Яг хамгаалж хангасан зохицуулалт тааруухан. Үүнийг ашиглаад түрээслүүлэгч тал өөрт ашигтай байдлыг гэрээгээрээ олгоод байгаа юм. Гэрээг тэгш зарчимтай хийх ёстой. Хуулиа гол үндэс болгоод, гэрээгээрээ дэлгэрүүлэх ёстой юм. Аль аль нь тэнцүү эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой гэсэн үг. Монголын практик дээр өнөөдөр хөрөнгөө түрээслүүлж байгаа тал 70-80 хувийн эрх эдлээд, түрээсэлж байгаа нь 20-30 хувийн эрх эдэлдэг” гэлээ.
Тиймээс бизнес эрхлэгч аливаа талбайг түрээслэхдээ гэрээний зүйл заалтыг нарийн тусгаж, хоёр тал хариуцлагатай байх ёстойг хууль ч анхаарууллаа.
Видеог дээрээс үзнэ үү.