УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл өглөө. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас УИХ-д Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн 21.9-д мөрдөн байцаалтын нууцтай холбоотой заалт орсон. Уг заалтыг хэвлэлийн эрх чөлөөг боомилж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна хэмээн сэтгүүлчид эсэргүүцэж байна. Тиймээс УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Ирэх лхагва гарагт ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ” гэлээ.
Нэмж мэдээлэхэд, мөрдөн байцаалтын нууц задруулсан тохиолдолд сэтгүүлчдэд ял шийтгэл оноох гэж байна хэмээн өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчид микрофоноо газар тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.