НҮБ-ын зүгээс Газын зурвас дахь нөхцөл байдлыг "үхэл, амьдралын асуудал" гэж тодорхойлж, тэнд байгаа 2 сая хүний цэвэр усны нөөц аюултай хэмжээнд хүрч байгааг анхааруулав.
Түүнчлэн НҮБ-аас усаар дамжих өвчний эрсдэл нэмэгдэж байгааг сануулсан юм. Газын зурвас дахь эмнэлгүүд мөн нөөцийн хомсдолд орж байна гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгдсэн. Тодруулбал, "Газын зурвас дахь эмнэлгүүдэд энэ эгзэгтэй цаг үед эрүүл мэндийн мэргэжилтэн, ор, эм, хагалгааны өрөө, эрүүл мэндийн үйлчилгээ нэн шаардлагатай байна" гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ. Бямба гарагийн байдлаар Газын зурваст 2215 энгийн иргэн амь үрэгдсэний 724 нь хүүхэд байна. Эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндэрсэн тул Газын зурваст зарим эмнэлгүүд мөхөөлдөсний машиныг хохирогчдын цогцсыг зөөхөд ашиглаж байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И "Палестин одоо маш эгзэгтэй байдалд байна" гэж анхааруулж, мөргөлдөөн үргэлжилж байгаа нь "энгийн ард иргэд их хэмжээний хохирол учруулсан" гэжээ.
Мөн Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррелтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Ван И Хятад улс Израйль-Хамасын мөргөлдөөнд "шударга ёсны" талд байна гэсэн юм.
Палестинчуудад хүмүүнлэгийн хямрал ноцтой нүүрлэж байгааг Ван И анхааруулж, Хятад улс "энгийн иргэдэд хохирол учруулсан бүх үйлдлийг буруушааж, олон улсын хууль тогтоомжийг зөрчихийг эсэргүүцэж байна" гэжээ.