БНАСАУ сүүлийн долоо хоногт ОХУ-д 1000 гаруй чингэлэг цэргийн техник, сум нийлүүлсэн гэж Цагаан ордноос мэдэгдлээ.
АНУ-ын зүгээс талуудын хамтын ажиллагаа эрчимжиж байгааг бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна гэж шүүмжилсэн ба БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сарын дундуур ОХУ-д уулзаж, тус улсын хамгийн сүүлд баригдсан сансрын буудалтай танилцсан. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби БНАСАУ-ын уг тусламжийн хариуд ОХУ юу өгөх вэ гэдэгт санаа зовниж буйгаа мөн илэрхийлсэн юм.
Тэрбээр мөн ОХУ-ын чингэлэг БНАСАУ-д ачаа буулгаж байгааг АНУ ажигласан бөгөөд энэ нь Оросоос БНАСАУ-д нийлүүлж буй анхны “зэвсгийн” тусламж байх магадлалтай гэсэн юм. “БНАСАУ, ОХУ-ын хооронд өргөжин тэлж буй цэргийн түншлэл, нэн ялангуяа Оросоос БНАСАУ-д технологийн тусламж үзүүлж буй нь бүс нутгийн тогтвортой байдал болон дэлхийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг алдагдуулж байна” гэж АНУ-ын байр суурийг Жон Кирби илэрхийллээ.
SOURCE: YONHAP