Өчигдөр Израилийн тал Газа хот дахь 1.1 сая оршин суугчдыг бүс нутгийн өмнөд хэсэг рүү шилжих 24 цагийн хугацаа өгсөн. Гэвч 24 цагт ийм их иргэн нүүж чадах эсэх нь эргэлзээтэй байна гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан юм. Түүнчлэн энэ шаардлага нь эмнэлэгт байгаа өвчтнүүдэд цаазын ял оноосноос ялгаагүй гэдгийг ДЭМБ-ын зүгээс тодотголоо. Тодруулбал, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус X хуудаснаа “Израилийг энэ шийдвэрээ цуцлахыг хүсэж байна. Өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх нь тэдний амь нас хийгээд эрүүл мэндийн ажилтнуудын амь насыг шууд эрсдэлд оруулах болно" гэсэн юм. Мөн “Агаарын дайралт үргэлжилж, хил гарцаа хааж байгаа тул энгийн иргэд аюулгүй газар очих боломжгүй болсон. Бид Газын зурваст тусламж аюулгүй хүргэх хүмүүнлэгийн коридорыг яаралтай байгуулахыг уриалж байна" гэжээ.
Үүнтэй зэрэгцэн дэлхийн олон хотод “Палестиныг чөлөөл” гэсэн утгатай жагсаал, хөдөлгөөнүүд өрнөж байна. Ойрхи Дорнод, Ази, Европ, АНУ-ын зарим хэсэгт хэдэн арван мянган жагсагч Палестинчуудыг дэмжиж, Газын зурвас руу дайрч буй Израилийг буруушааж байгаа юм. Ромд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Палестины далбааг мандуулж, Европын бусад хотуудад жагсаал цуглаан болж, Дани, Германд жагсагчдыг баривчилсан байна. Улмаар Герман, Франц улсууд Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан хийхийг хоригложээ. Мөн Иран даяар төрийн зохион байгуулалттай жагсаал цуглаан болсон бол Ливанд "Хезболла" бүлгийн тэргүүн Наим Кассем тус зэвсэгт бүлэглэл тулалдаанд хувь нэмрээ оруулахад "бүрэн бэлэн" байна гэжээ.