Холлиудын хамгийн алдартай хосуудын нэг болох жүжигчин Уил Смит болон түүний эхнэр Жада Пинкет Смит нарын хувийн амьдрал олны анхаарлыг ихээр татдаг.
Харин Жада Смит саяхан өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр Уилл Смит тэр хоёр тусдаа амьдраад долоон жил болж буйг хэлжээ. Тэрбээр энэ талаар NBC-д хэлэхээс өмнө хосууд олон нийтэд мэдэгдэхээ түр азнаж байсан аж. Тэд мөн албан ёсоор салах бодолгүй байгаа талаар Жада Смит нээлттэй илэрхийлжээ. Хосуудын хувьд “хэт их хүчлэхээс” залхсан тул ийм шийдвэрт хүрсэн байна. “Бид нөгөө хүнээ өөрийнхөө хүссэн хэмжээнд байлгахыг хүсээд байсан” гэж нөхцөл байдлын талаар жүжигчин бүсгүй тодотгосон юм. Хосууд өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олон нийтийн анхаарлыг багагүй татаж амжсан. Жүжигчин бүсгүй халзралтай бөгөөд энэ талаар нь тухайн жилийн хөтлөгч Крис Рок хөнгөн хошигносон байдаг. Гэвч энэ нь Уилл Смитэд таалагдаагүй төдийгүй тайзан дээр гарч, Крис Рокыг алгадан шуугиан дэгдээсэн билээ. Энэ үйл явдлын талаар Жада Смит “Би түүнийг өөрөө учраа олоосой гэж хүссэн. Гэхдээ юу ч болсон би хажууд нь байна гэж өөртөө хэлсэн” гэж байсан юм. Тэд хоёр хүүхэдтэй.
SOURCE: BBC