“Ханжоу 2022” Азийн XIX наадмаас Монголын баг тамирчид нийт 21 медаль хүртсэн амжилттай. Бага олимп буюу энэ удаагийн Азийн наадмаас Монголын баг тамирчид “Парис 2024” зуны олимпийн XXXIII наадмыг зорих 3 эрх авсан билээ. Тодруулбал боксын спортын төрөлд 2, байт харваа 1 эрхийг тус тус авсан. Азийн наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарыг өнөөдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга болон бусад албаны хүмүүс хүлээж авч хүндэтгэл үзүүллээ.
Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортыг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд үндэсний болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлжээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр 24 тамирчин, 7 дасгалжуулагч нарыг шагналаа. Харин Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр 5 тамирчныг шагнаж урамшууллаа.
Монголын баг тамирчид өмнөх олимпоос буюу “Токио-2020” олимпын наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медальтай ирж байсан бол ирэх жилийн олимпод амжилтаа илүү бататгаж оролцохоор зорилго тавиад байна.