БНХАУ-ын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн Монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Монгол Улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноос эхлэн оролцож ирсэн. 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийн наадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104 хүрэл) медаль хүртээд байна.
Манай улсаас энэ удаагийн наадамд 34 спортын 37 төрөлд 364 тамирчин, дасгалжуулагч, албаны 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь тус наадмын түүхэн дэх Монголын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон билээ.
Тэднээс онцолж дүгнэвэл, гурван тамирчин олимпын наадмын эрхээ авлаа. Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд Үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээв.
Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, сагсан бөмбөгийн 3х3, кураш, дугуй, байт харваа, и-спортын дота-2 гэсэн төрөлд нийт 21 медаль (3 алт, 5 мөнгө, 13 хүрэл) хүртэж, 45 орноос 22 дугаар байрт жагссан юм.
Энэ арга хэмжээнд БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх нарын хүндтэй зочид оролцов.