Израиль, Хамасын мөргөлдөөн ширүүсч, байлдааны нөхцөл байдал тун хурцадмал байгаа энэ үед Израилийн эрх баригчид эвсэлийн засгийн газар байгуулахаар болсоноо зарлалаа. Тодруулбал, өчигдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху сөрөг хүчний тэргүүн Бенни Ганц болон Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдлийнхээ үеэр улс даяар онц байдал зарласантай холбогдуулан эвслийн засгийн газар байгуулахаар болсон гэдгээ хэлсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд засгийн газрын кабинетэд Бенни Ганц, Йоав Галлант нар нэмэгдэж байгаа. Хамас бүлэглэлийн дайралт эхлэхээс өмнө Израилийн эрх баригч болон сөрөг хүчин шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар чамгүй их маргалдаж, таагүй харилцаатай байсан юм. Тиймээс талууд нэгдэж, түр хугацаанд эвслийн засгийн газар байгуулахаар болсон нь гэнэтийн үйл явдал болж байна.
Онц байдал заралсантай холбогдуулан эвслийн засгийн газар байгуулах санаачилгыг угтаа бол 10 дугаар сарын 7нд, мөргөлдөөн эхлээд удаагүй байхад ерөнхий сайд Нетаньяху аль хэдийнээ гаргасан байжээ. Харин сөрөг хүчний удирдагчид сайтар бодож тунгаасны эцэст тийнхүү саналыг нь хүлээж авсан байна. Хамтарсан мэдэгдлийн үеэр Нетаньяху “Израилийн засгийн газар нэгдмэл байгаа тул ард олноо ч мөн эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэсэн юм.