Mongolian mining week 2023"-ын үеэр Оюу толгой компани шинэчилсэн стратеги төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ үеэр “Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн төслийн удирдагч Б.Ууганбаяртай ярилцлаа.
Тэрбээр "Манай компанийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн. 2030 он гэхэд 100 сая модтой дүйцэхүйц хэмжээний модыг тарих амлалтыг өгсөн. Миний өнөөдөр тавьсан илтгэлийн гол онцлог нь манай компани өнгөрсөн зургаадугаар сард өөрсдийн стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Энэ төлөвлөгөөнд 100 сая мод тарих хөтөлбөр маань багтсан. Компанийн ерөнхий төлөвлөгөөнд багтсанаар хөтөлбөр хэрэгжихэд маш том давуу тал бий болно. Ерөнхий төлөвлөгөөнөөсөө дурдвал, манай компанийн хувьд 60 сая модыг доройтсон ойг нөхөн сэргээх байдлаар бий болгох, ойжуулахаар төлөвлөсөн байна. Мөн ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мод үржүүлгийн газруудыг байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах гэх мэтээр хөрөнгө оруулах чиглэлээр 40 сая модтой тэнцэхүйц модыг дүйцүүлэн тарьсанд тооцож хийнэ гэж төлөвлөж байна.
Мөн хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг ч “100 сая мод” хөтөлбөртөө багтаагаад, хэрэгжүүлээд явж байна. 2022-2023 онд Ялбагийн хөндийд эвдэрч сүйдсэн байсан газрыг буюу нийт 400 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хоёр гэрээт компанийнхаа тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн. Дараа жил Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 180 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Түүнчлэн дараа жил 100 га талбай бүхий доройтсон талбайг ойжуулах, мөн говийн бүсэд 60 га талбайн заган ойн зурвас байгуулах төлөвлөгөө гараад байна.
250 000- 500 000 мянган тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай хоёр мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Ханбогд болон Цогт-Овоо суманд байгуулсан. Нэмээд гурван мод үржүүлгийн газар байгуулахаар тендерийн шатандаа явж байна. Мөн дараа жил Хангайн бүсэд гурван мод үржүүлгийн газар байгуулна. Бид төслийнхөө хүрээнд эхний гурван жилд суурь нөхцлүүдээ сайжруулахаар зорьж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.