Сарын цалингаа бүтнээр нь өгөөд ч түрээсээ төлж чадахгүй тарчигхан дүр зураг Улаанбаатарчуудыг “бүрхэж” байна. Учир нь, түрээсийн үнэ “тэнгэрт хадаж”, хотын төвд ойролцоо нэг өрөө байрны үнэ 1,3 сая төгрөг аль хэдийн давжээ. Байр түрээслүүлж буй иргэд тайлбарлахдаа “Барилгын материал, үнийн өсөлт хэрээс хэтэрлээ. Бид ч бас түрээсээ нэмэхээс өөр гарцгүй” гэсэн тайлбар өгч байна. Гэтэл үүний цаана “Байрны үнэ өсөхөд түрээсээ яагаад нэмэх ёстой гэж… Байрны эздийн шунал хэрээс хэтэрлээ хэмээн иргэд бухимдаж байна. Энэ бол бүхэл бүтэн сар хөлсөө урсгаж ажиллачхаад, хамаг цалингаа түрээсэндээ өгөөд, хоол унааны ч мөнгөгүй үлдэж буй залуусын цөхрөлийн үг юм.
НЭГ ӨРӨӨ БАЙРНЫ САРЫН ТҮРЭЭС ДУНДЖААР 1,3 САЯ ТӨГРӨГ
Бид орон сууцны түрээсийн үнэ ямар байгааг сурвалжлахаар, эхлээд байр түрээслүүлж буй иргэдтэй холбогдлоо. Тэдний тайлбарласнаар, нэг өрөө байрны үнэ байршлаасаа хамаараад өөр өөр байна. Тодруулбал,
Хажуу өрөөний үнэ байршил хамаарахгүй 400-800 мянган төгрөг.
Нэг өрөө байрны үнэ Зайсан орчимд 1,2-2,8 сая
Хороолол орчимд 1,2-1,5 сая
Хотын төвөөр 1,2-1,9 сая
Улаанхуаран орчимд 1,1-1,5 сая төгрөгийн үнэтэй байна.
САРЫН ЦАЛИН БАЙРНЫ ТҮРЭЭСЭНДЭЭ ХҮРЭХЭЭ БАЙЛАА
Иргэн Б.Мөнхжин “Би хамгийн сүүлд өмнөх оны долоодугаар сараас 3 сар хүртэл 2 өрөө байр 650 мянгаар түрээсэлж байсан. 3+1 нөхцөлөөр төлж байсан. Тухайн үед байр хайж байхад хоёр өрөө байрны үнэ 750 мянгаас дээш байсан. 650 мянгад байр олоход маш хэцүү. Хайсаар нэлээн хуучны тавилгагүй хоёр өрөө байр түрээсэлсэн. Он гараад юмны үнэ нэмэгдээд, хоёулаа ажил хийдэг ч түрээс төлөхөд хэцүү болсон. Тиймээс байрнаасаа гараад хашаа байшин түрээсэлж эхэлсэн.
Одоо бол хоёр өрөө байр 650 мянгад олдохгүй. Байр түрээслэхэд хэцүү болсон. Өмнө нь түрээсэлж байсан байраа сунгая гэхээр үнээ нэмнэ гэдэг байсан. Байр авъя гээд судлаад үзэхэд зарах байрны үнэ ч тэнгэрт хадчихсан. Эзэд нь амандаа орсон үнээ хэлдэг.
Одоо цалингаараа идэж уухаа л арай ядан хүргэж, хоолноос хоолны хооронд л амьдарч байна. Залуу гэр бүл цалингаа хураагаад байр авна гэдэг боломжгүй”.
Иргэн С.Анударь “Байр түрээслэхэд нэлээн хэцүү. 3 өрөө байрны 2 өрөөг нь 850 мянгаар түрээсэлдэг байсан. Би найз залуу, ихэртэйгээ гурвуулаа хамт амьдардаг байсан. Хоёр айлаас 850 мянгаа хуваагаад сар бүр төлөхөд хэцүү байсан. Тиймээс бас нэг найзтайгаа хамт дөрвүүлээ амьдарсан. Гадуур байр хайгаад явахад 900 мянга бараг хамгийн хямд нь. Ихэнхдээ 1 сая төгрөгөөс дээш.
Үнэгүй.мн -ээс байр хайдаг. Худлаа мэдээлэл их. Зарын дагуу яваад очихоор зургаасаа шал өөр байдаг".
Иргэн С.Наранчимэг “Оюутан болоод байр түрээсэлж эхэлсэн. Зургаан жил орчим байр түрээсэлсэн. Анх нийтийн байр 150 орчим мянган төгрөгт олддог байсан. Дараа нь дээр үеийн угсармал гурван өрөө байрны нэг өрөөг нь 200 мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан. Сая гадагшаа яваад ирэхэд байрны үнэ огцом өссөн байна. Нэг өрөө жижиг байр хотын төвөөр 800-1,2 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ нь ганцаараа амьдардаг залуучуудын хувьд дарамт болж байна. Хэрвээ би оюутан байсан бол дотуур байрандаа жилийн түрээсээ төлөөд амьдрах нь илүү хямд. Гэтэл одоо би оюутан биш учраас сард 1,2 сая төгрөгийн цалин авдаг ч 800 мянган төгрөгийн байрны түрээс төлдөг. Энэ нь байрны мөнгөнөөс бусад зүйлсэд мөнгө зарах ямар ч боломжгүй болж байна. Хадгалж, хуримтлуулах, эрүүл хоол хүнс идэх, чөлөөт цагаараа өөр зүйл сурах, сонирхлоо хөгжүүлэх боломжгүй байна”.
Иргэн О.Батаа “Би хоёр өрөө байр 1,5 сая төгрөгөөр түрээсэлдэг. Цалингаа бараг бүтнээр нь түрээсийн төлбөрт өгдөг. Цалингаараа байр түрээсэлж дийлэхгүй байсан учраас эхлээд эгчээрээ цалингийн зээл авхуулаад 4,5 саяар байрандаа орсон. Түрээсээ төлөөд хажуугаар нь өөрийн байр авах хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Хуримтлал байтугай эрүүл хоол ч идэж чадахгүй байна. Гурилтай шөл л идэж амьдарч байна даа.
Ганц бие эрэгтэй хүн байр хайхад бас их хүндрэлтэй. Эрэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг. Хоёр эрэгтэй хүн байна гэхээр итгэдэггүй” .
Байрны эзэд түрээслэх гэж байгаа байраа бодитоор үнэлдэггүй. Хотын төвд гэх нэрийдлээр ямар ч засваргүй, хүн амьдрах аргагүй байраа маш өндрөөр үнэлдэг.. Барилгын материалын үнэ өсөөгүй байхад өмнө нь баригдчихсан байсан байрны үнэ өссөөр байгаад гайхаж байна хэмээн түрээслэгчид ярьсан юм.
ИНФЛЯЦИТАЙ УЯЛДУУЛЖ ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭВ
Байрны эзэд шуналдаа хөтлөгдөж, үнэ хэт нэмлээ гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Үүнтэй холбогдуулан бид байр түрээслүүлж буй иргэдтэй холбогдож тодруулсан юм.
Байрны эзэд:
- Ойрхон бусад байрны үнэ харж байгаад жишгээр нь үнээ тогтоодог.
- Хотын төвд болохоор үнэтэй байна шүү дээ.
- Юмны үнэ өсөж байхад байр ч дагаад л өснө.
- Түрээсийн төлбөрийг олон сараар барьцаатай авахгүй бол түрээслэгчид гэнэт гарна гээд эсвэл алга болчихдог.
- Дээр үед л хямдхан байсан биз. Одоо бол нэмэгдэж л байгаа зэрэг хариултыг өгсөн юм.
ТҮРЭЭСИЙН ҮНЭД ТӨР ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
Түрээсийн байрны үнийн ямар нэгэн зохицуулалт хийх боломжтой талаар БХБЯ-аас тодрууллаа.
“Зах зээлийн орон сууц учраас хэдэн төгрөгөөр түрээслэх нь хувь хүний асуудал. Төрөөс ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй. Инфляц л нөлөөлнө. Өмнө 1 сая төгрөгөөр байр түрээслээд амьдралаа авч явдаг байсан бол юмны үнэ өсөхийн хэрээр 1 сая төгрөг нь амьдралд нь хүрэхгүй бол түрээсийн үнээ нэмнэ. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар л явна. Зах зээлийн өрсөлдөөний чадвараар явж байхад төр орж, түрээсээ буулга гэж болохгүй. Төрийн өмчит орон сууц бол төрөөс зохицуулалт хийнэ” гэсэн юм.