“Mongolian mining week 2023” арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэгчид оролцож байна. Тэд уул уурхайн салбарынхантай ойр хамтран ажиллаж, ажлын хувцас нийлүүлэх гэх мэтээр шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа юм. Энэ талаар ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд маань өөр өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна. Хамтран ажиллах боломжтой компаниуд, салбарын удирдлагуудад саналаа хүргүүлж байна. Одоогийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өмнө нь УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд санаачилгатай ажилласан. Уул уурхайн долоо хоног арга хэмжээ жил бүр болдог хэдий ч энэ үеэр үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олддоггүй байсан. Харин энэ жил олон үйлдвэрлэгч энд ирээд уул уурхайн компаниудад “Бид нар ийм бүтээгдэхүүн хийж чадаж байгаа шүү” гэдгээ харуулж байна. Ирэх жилээс илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, уул уурхайн компани болон үйлдвэрлэгчдийг хооронд нь холбож өгөх зорилготой ажиллаж байна.
Өнөөдөр үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал байна. Тэр нь уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх гээд очихоор хүлээж авдаггүй. Компаниудын ихэнх нь гаднаас ажлын хувцсаа авчихдаг. Гэтэл манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хамаагүй илүү чанартай. Мөн Монгол орны цаг агаарын онцлогт тохируулаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой. Жишээлбэл, “Хос Ази” компани гэхэд л уул уурхайн компаниуд 250 долллароор гаднаас авдаг гутлыг 100 доллароор хийж байна. Гадаадаас 100 доллароор авдаг бүсийг Монголыг “Only one” компани 60 доллароор хийж байх жишээтэй. Дотоододод ийм боломж байдаг тухай мэдээлэл уул уурхайн салбарынханд хомс байна. Тиймээс бид тэднийг хооронд нь холбож өгөх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Компаниуд өөрсдөө ч гайхаж байна. “Үндэсний үйлдвэрлэгчдэд ийм боломж байдаг юм шүү дээ” гэж байна.
Бид хоёр, гурван жилийн өмнөөс уул уурхайн томоохон компаниудад санал тавьж байсан. Гэхдээ харамсалтай нь хана мөргөж байсан. Харин өнөөдөр Ж.Ганбаатар сайд бидэнд боломж нээж өгч байгаад баяртай байна. Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ирж уулзлаа. Ажил хэрэгч уулзалтууд хийлээ. Стандартын байгууллагууд, онцгой байдлын байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллахаар ярилцлаа. Энэ мэтчилэн үйлдвэрлэгчдэд илүү их боломжууд нээгдэх эхлэлийг бид тавьж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.