Өнгөрсөн жил дайн эхэлснээс болж ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хассан. Энэ жил ОХУ тус зөвлөл дэх суудлынхаа төлөө дахин өрсөлдсөн ч Болгар, Албани улсаас оноо хол дутав.
Тодруулбал, Зүүн Европыг бүс нутгийг төлөөлөх нууц санал хураалтаар Болгар 160 санал, Албани 123 санал авсан бол ОХУ 83 санал авчээ. ОХУ өөрсдийгөө “чимээгүй олонхийн” саналыг авсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд Украин болон барууны улсуудтай харилцаа муутай байхад ч ийм санал авсан нь өндөр үзүүлэлт гэдгийг хэвлэлүүд тодотгож байна. Өөр нэг анхаарал татсан өрсөлдөөн нь Азийн бүс нутгийг төлөөлөх суудлын төлөөх санал хураалт байлаа.
Индонез улс энэ санал хураалтад 186 саналаар тэргүүлсэн бол Хятад улс 154 саналаар хамгийн сүүлийн байранд орсон. Зарим хүний эрхийн байгууллагууд Хятадын эсрэг байр сууриа илэрхийлж ч амжсан. Учир нь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас өнгөрсөн жил гаргасан тайланд тэмдэглэснээр, Хятад улс Шинжааны бүс нутагт уйгур болон бусад муслим шашинт угсаатнуудыг гадуурхан шахаж, баривчилж байгаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэсэн юм. Мөн “Human Rights Watch” тэргүүтэй байгууллагууд Хятадын уг зөвлөлд өрсөлдөх эрхийг нь эсэргүүцэж байна.