Израил, Хамас бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн эхлээд тав дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна. Бямба гарагт Палестины Исламын Хамас бүлэглэл Израильд гэнэтийн цохилт өгснөөс хойш Израилд 1200 хүн амь насаа алдаад байна. Харин хариу цохилт болгож Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг бүрэн бүслэх тушаал авсан.
Израилийн зүгээс “Төмөр илд” гэж нэрлэсэн энэ дайралтын улмаас Газын зурваст амиа алдагсдын тоо 1100-д хүрчээ. Лхагва гарагийн байдлаар Израилийн батлан хамгаалах хүчнийхэн Газын зурвастай ойр хил дээр байрласан байгаа бөгөөд нэвтрэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм. Израилийн зүгээс Мягмар гарагт довтолгоогоо эрчимжүүлж, нөөцийн цэргээ 360 мянгад хүргэж, өргөжүүлснээ мөн зарласан. Израилийн батлан хамгаалах хүчин Ливаны Хэзболла болон Сирийн хүчнийхэнтэй мөн мөргөлдөхөд хүрсэн юм.
Тодруулбал, Израилийн өмнөд хэсэгт Хамас болон Израилийн батлан хамгаалах хүчний мөргөлдөөн өрнөж байх зуур Израилийн хойд хэсэг рүү Хэзболла болон Сирийн хүчнээс пуужин харвасан байна. Үүний хариуд Израил цэргийн баазуудыг нь мөн онилсон юм. Ливаны зүгээс л гэхэд 15 пуужин харвасныг Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдсэн. Хариу цохилт болгож Израилийн талаас их бууны цохилт өгсөн нь Хэзболлагийн хоёр постыг онилсон байна.
Харин Сирийн талаас Израилийн Голаны өндөрлөг рүү миномётоор харвасан. Энэ цохилт нь Израилийн газар нутагт нэвтэрсэн ч ил задгай газар унасан тул ямар нэг хохирол учруулаагүй байна. Израилийн талаас Сирит мөн их буугаар хариу цохилт өгчээ. Энэ байдлаар цаашид өөр улсууд мөргөлдөөнд татагдан орвол бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын томоохон асуудал үүсэх эрсдэл тулгараад буй.
Хамас бүлэглэл Израилийн 150 гаруй хүнийг барьцаалсан байгаа. Үүнд энгийн иргэдээс гадна Израилийн цэргийн томоохон албан тушаалтнууд багтсан байна. Өчигдөр Хамас бүлэглэл нэг эмэгтэй, хоёр хүүхдийг суллаж байгаа бичлэгэээ цацсан. Тэд энэ эмэгтэйг Израиль хүн гэдгийг мэдэгдэлдээ дурдсан ч хэвлэлүүд энэ бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байна гэж эргэлзэж байгаа юм. Түүнчлэн Хамас бүлэглэлийн удирдлагуудын нэг нь Газын зурваст Израил халдлага үйлдсээр байгаа цагт барьцаалсан хүмүүсийг чөлөөлөх тухай ярилцах боломжгүй гэдгийг дахин хэлжээ. Мөн Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Хамас бүлэглэлийн дайчил барьцаалсан иргэдийг газар доор, маш хүнд нөхцөлд байлгаж байж болзошгүйг сануулсан юм.
Газын зурвас дахь нөхцөл байдал
Хүмүүнлэгийн хямрал үүсээд буй Газын зурваст 338 мянга гаруй иргэн гэр оронгүй, эсвэл өөр тийшээ явахаас өөр аргагүй байдалд орсон байна. Ус, цахилгаан, шатахуун, хүнсгүй байгаа тус бүс нутагт ажиллаж байсан ганц эрчим хүсний станц нь өчигдөр ажиллахаа больсон байна. Түүнчлэн газын зурвас дахь 600 мянган иргэн усны дутагдалд орсон байгаа бол бүх эмнэлэг усгүй болсон гэж албаныхан мэдээллээ. Өнөөдөр Израилийн батлан хамгалаах хүчнээс албан ёсны цахим хаягтаа байршуулсан мэдээлэлд “Израил Газын зурвас Хамас бүлэглэлийн обьектуудад бүрэн хэмжээний цохилт өгч байна” гэж мэдээлсэн юм.
SOURCE; AL JAZEERA, BBC