ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. Ингэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын насны ангилалыг ялгамжтай болгож, ялыг чангатгах болсон тухай ярив. Тодруулбал, 0-14 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 12-25 жил хорих, эсхүл бүх насаар нь хорих, 14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 8-15 жил хорих, 16-18 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 5-12 жил хорих ял онооно. Мөн хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамруулж, 2-8 жилийн хорих ял оногдуулна. Өмнө нь 1-5 жилийн хорих ял оноодог байсан юм. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй гэлээ.
Мөн тэрбээр, "Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна.
Сүүлийн өдрүүдэд
- Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар
- Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар
- Хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн сэтгэл түгшээсэн асуудал байгаа.
Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна" гэлээ.