Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10-р сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Тус наадмын “Монгол кино уралдаан”-д анх удаа залуу найруулагч Б.Батдэлгэрийн "Шар гэгээ" болон “Бүүвэй” гэсэн хоёр кино шалгарч 10-р сарын 17 болон 19-нд Тэнгис кино театрт нээлтээ хийнэ. Найруулагч Б.Батдэлгэр нь Ойрад театр болон Архангай аймгийн ХДТ зэрэг хөдөө орон нутгийн театруудад 10 гаруй жил ажилласны дараа анхны дебютүүдээ хийж байна. Түүний найруулсан “Who am I” моно драм Македоны олон улсын фестивальд түрүүлж, Сорил анхны бие даасан сэтгэл зүйн триллер уран сайхны кино нь БНСУ-ын Бучоны фестивалд сонгогдсон авъяаслаг залуу найруулагчдын нэг юм. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Шар гэгээ” УСК-ны эх зохиолыг Төрийн шагналт, СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол “Бүүвэй” УСК нь Монголын анхны ганц хүний кино гэдгээрээ онцлогтой юм.