“Ханжоу-2022” Азийн ХIX наадмын усанд сэлэлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн 200м өврөөр даллах төрөлд ОУХМ Б.Энххүслэн 2.02.70 минутаар 8-р байрт шалгарсан. Энэ нь манай улсын усан спортод түүхийн шинэ хуудас нээсэн амжилт байлаа.
Тэрбээр энэ үеэр мөн улсынхаа рекордыг 2.00.89 минутаар шинэчлэн тогтоосон юм. ОУХМ Б.Энххүслэн 10 настайгаасаа усанд сэлж сураад хичээллэж эхэлсэн. 12 настайдаа мэргэжлийн тамирчны замнал руу орж эхэлжээ. Түүний дүү нь мөн усанд сэлэлтээр хичээллэдэг учраас маш их нөмөр нөөлөгтэй байдаг бөгөөд аав ээж нь ч сайн дэмждэг гэдгийг хэлж байлаа. Б.Энххүслэнгийн дүү нь хамт Ханжоугийн Азийн наадмыг зориод иржээ. Усанд сэлэлтийн спорт нь 1 минут ч, 20-хон секунд ч уралдахын тулд маш их цагийг зарцуулдаг. Гэхдээ амжилттай уралдсаны дараагаар “Хайр, үзэн ядалт хоёрыг хослуулсан” тийм нэг гоё онцгой мэдрэмжийг авдаг гэдгээ бидэнд онцлон ярилаа.
Дэлхийн усанд сэлэлтийн спортын холбооноос хөгжиж буй орнуудын тамирчдад 1 жил болон 6 сарын хугацаатай тэтгэлэгийг олгодог аж. Б.Энххүслэнгийн хувьд энэхүү тэтгэлгийг авч өнгөрсөн жилээс Тайландад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Дахин нэг жилээр буюу “Парис 2024” зуны олимп хүртэл гэрээгээ сунгажээ. Тэрбээр Тайландад байхдаа 7 хоногийн 14 удаагийн бэлтгэл хийдэг учраас монголд байхаасаа 2-3 дахин ир ачааллыг авдаг байна. Тухайн тамирчин хувийн амжилтаа ахиулж бэлтгэлээ нягт нямбай хийвэл гэрээгээ дахин сунгадаг аж.
Тэгвэл ОУХМ Б.Энххүслэн хувийн амжилтаа 8 секундээр ахиулж чаджээ. 2024 оны 2-р сард Катарын Дохад усанд сэлэлтийн ДАШТ болно. Мөн 3, 4-р саруудад Тайланд болон Малайзад том тэмцээнүүд зохиогдоно. Эдгээр тэмцээнд амжилттай оролцож “Парис 2024” зуны олимпын наадмыг зорих эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа гэлээ. Монгол Улсын усан спортын тод томруун төлөөлөл болж яваа Б.Энххүслэндээ олимпыг зорих эрхээ амжилттай өвөртөлж өндөр рекорд тогтоохыг ерөөе.