Цэцэрлэгт хүүхдүүд хоорондоо муудалцаж, нэгнийгээ 14-15 удаа хазсан хэрэг гарч, олон нийтийг талцуулаад байна. Уг асуудлаар гэмтсэн охины ар гэр хазсан хүүхдийн асран хамгаалагчдаас хариуцлага нэхэхэд, “Амила” цэцэрлэгийн зүгээс хүүхдийг нь хоёр сар үнэ төлбөргүй сургах санал тавьжээ. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдийн зүгээс “Хаздаг хүүхдийн эцэг эхэд хариуцлага тооцох ёстой, цэцэрлэг хариуцлага хүлээх ёстой, хаздаг хүүхдийг цэцэрлэгт авдаггүй байх” зэрэг маргаан олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Тэгвэл ийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх, хүүхдийн эцэг эх хариуцлага хүлээх нь зөв эсэх талаар Монголын криминологичдын холбооны УЗ-ийн дарга, доктор, профессор Б.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр “Бид сүүлийн үед хариуцлага гэх нэг л зүйлд их хошуурдаг болсон байна. Гадаад, дотоодын туршлага судлахдаа ч яаж хариуцлага тооцож байна, хэнд хариуцлага хүлээлгэж байна гэдгийг хардаг болж. Гэтэл тийм хариуцлагагүй байх нөхцөл байдлыг яагаад үүсгээд байна вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй байна.
Энэ хүүхэд хүүхдээ хазсан асуудалд хариуцлага хүлээх талаар ярихаар хэний асрамжид байгаа вэ гэдэг нь чухал. Эцэг эхэд гараас гарт дамжуулж өгдгийн цаад учир нь “Одоо ингээд энэ хүүхэд миний хамгаалалтаас гараад, таны хамгаалалтад очлоо шүү” гэдэг ойлголт. Асран хамгаалагч хэний талд байгаагаас шалтгаалан хариуцлага хүлээнэ. Тэгэхээр энэ асуудалд цэцэрлэг хариуцлага хүлээх болж байна.
Хүүхдийг хазах, хазахгүй нь хууль зүйн гэхээс илүү биологийн асуудал. Мөн цэцэрлэг сургууль ямар стандарт дүрэм, журам барих нь тусдаа асуудал. Түүнээс хаздаг хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь ялгаварлан гадуурхалт. Хаздаг, уйлдаг, орилдог, сахилгагүй ямар байх нь хамаагүй. Монгол улсын иргэнийхээ хувьд цэцэрлэг, сургуульд явах эрх нь нээлттэй.
Сургууль, цэцэрлэгийн стандарт орчин бий. Үүнийг нь хангаж өгөхгүй байж асуудал гарахаар багш нар руу, эцэг эх рүү гээд заавал нэг эзэн хайгаад байна. Ямар нэгэн асуудал гарахад төрийн байгууллага, улс төрчид нь иргэдийг буруутгадаг болсон. Иргэдийг буруутгахаасаа өмнө яагаад ийм зүйл болсон, асуудал нь юунд байна вэ гэдгийг үзэх ёстой” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.