Өрөг.мн сайт “Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт Япон улсын Тохокү Их Сургуулийг Дэвшилтэт Молекул Химийн чиглэлээр төгссөн, “Аргалын цаас” төслийн санаачлагч Г.Эрчиссаранг урилаа. Тэрээр аргал болон жинсэн материалаас цаас гарган авч байна. Улмаар өөрийн гэсэн цехээ байгуулж, нэрийн хуудас, номын хавчуурга, өргөмжлөл зэрэг цаасан хэвлэл үйлдвэрлэл эхэлжээ. Өөрийн сониуч зандаа хөтлөгдөн судалгаагаа эхлүүлж байсан түүний хувьд удахгүй аргалаас гаргаж авсан цаасаа массын үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж байна. “10 кг аргалаас 3 кг цаасны түүхий эдийг гарган авдаг. Аргалаар хийсэн цаас маш сайн будаг авдаг, хэвлэлийн сайн материал болж чаддаг” гэж ярьсан юм.
Дэлхий дахинаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө чармайж байна. Залуу судлаач, химич Г.Эрчиссаран аргалаас цаас гарган авснаараа байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, өөрийн том хувь нэмрээ оруулж байгаа аж. 1 кг аргалын цаас үйлдвэрлэх тоолонд 1316 литр СО2 ялгарахаас сэргийлж чаддаг гэсэн тооцоог хийжээ.
“Би Японд үргэлжлүүлж сурах боломж байсан. Магистрийн шалгалтдаа нэгээр жагсаж эрхээ авчихсан байсан. Гэхдээ эх орондоо ирж ажиллая гэж шийдсэн. Судалгаагаа ч амжилттай хийж чадлаа. Одоо бид үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр тоног төхөөрөмжийн судалгаа хийж байна. Үүндээ сэтгэл хангалуун, баяртай байдаг. Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх маш их нөөц боломж бий” хэмээн судлаач Г.Эрчиссаран ярилаа.
Видеог дээрээс үзнэ үү.