ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР
(1957-2023)
Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич, доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгчид, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Г.Чулуунбаатар 1957 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг “Гурван толгой” хэмээх газар төрж, 1975 онд аймгийнхаа 10 жилийн дунд сургуулийг, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг философич, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсжээ.
Тэрбээр 1981 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, нам, төр, судалгаа шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан бөгөөд 2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар, 2016 оноос Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Академич Г.Чулуунбаатар Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг судалгаа, шинжилгээнд тулгуурлан хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, бидний дотнын нөхөр, хамтран зүтгэгч байв.
Тэрбээр 1994 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийг үүсгэн байгуулалцаж, 1996 он хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 2006-2008 онд Захирлаар ажилласан юм. Улмаар 2001-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажилласан байна.
Түүнчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийн гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, 2023 онд зохион байгуулсан хоёр дахь удаагийн Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар ажиллаж, төрийн бодлого боловсруулах, төрт ёс, ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн байлаа.
Г.Чулуунбаатар нийгмийн философи, нийгмийн танин мэдэхүйн онол, практикийн асуудлаар бие даасан 10 гаруй ном, 20 орчим хамтын бүтээл, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлсэн байна. Түүний 1990-ээд онд эрдэмтэн, судлаачидтай хамтран бичсэн цуврал өгүүллүүд нь Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог өөрчлөн байгуулах үзэл санааг анх удаа онол, практикийн үүднээс нэгтгэн дүгнэсэн бөгөөд ардчилсан ёс, хүний эрхийг дээдэлсэн шинэ нийгэм байгуулах оюун санааны сэдэл болсон билээ.
Тэрбээр 1990-1993 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын удирдлагын академийн аспирантурт суралцаж, философийн ухааны доктор (Ph.D), 1999 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академид философийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг тус тус хамгаалж, 2009 оны 2 дугаар сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол хүртжээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиуд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.
Талийгаачийн өөрийн ухамсарт бүхий л амьдралаа шинжлэх ухааны үйл хэрэгт зориулсан цуцашгүй хөдөлмөр, төр, ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн судлаачийн тууштай, нөр хичээнгүй зүтгэл, эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.