Бид “Ханжоу-2022” Азийн наадмын байт харвааны аварга Б.Отгонболдтой ярилцлаа. Тэрээр анхны тэмцээнээсээ хүрэл медаль авсандаа урамшиж байт харвааны спортод гүн дурласан тухайгаа ярьсан юм. Азийн наадмын аварга Б.Отгонболд 2009 оноос байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн. Түүний аав нь хүүгээ тэмцээн бүрд нь дагаж явсаар өдгөө Улсын шүүгч болжээ.
Анхны багш нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг. Багш нь спорт хорооны ойр орчимд буюу БЗД-т байрлах сургуулиудаас байт харвааны спортоор сонирхон хичээллэх 200 гаруй хүүхдийг цуглуулж нэгтгэжээ. Эдгээр хүүхдүүдийн нэг нь Баатархуягийн Отгонболд. Тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн цагаасаа л тэмцээн уралдаанд амжилттай оролцож, унах нь тун цөөн, мөн нягт нямбай харвадаг байсныг анхны багш дасгалжуулагч нь онцолж байна. Б.Отгонболд анхлан өсвөрийн тэмцээнд амжилттай оролцож хоёр хүрэл медаль хүртсэн нь байт харвааны спортод гүн дурлуулжээ.
Байт харвааны тамирчин өдөрт 300-гаас дээш сум харвахад таван тн ачаатай тэнцэхүйц хэмжээний ачааллыг өөртөө авдаг. Өдөр бүр бэлтгэлээ хийж байхдаа байндаа харвасан сумаа авахын тулд доод тал нь таван км зайд алхдаг. Энэ спорт нь өөрөө өөртэйгөө тулж ажиллах, анхаарал төвлөрлийг дээд цэгт нь өгч, тамирчинд тэсвэр тэвчээр, хатуужлыг маш сайн олгодог онцлогтой юм. Б.Отгонболдын гэр бүл нь түүнийг маш сайн дэмждэг. Спортод гэр бүлийн дэмжлэг чухал. Түүний ээж нь өглөө, орой бүр хоол ундыг нь бэлтгэж тавьдаг бол ах нар нь нумыг нь авч өгдөг. Ах нарынхаа өгсөн нум болгоноор оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлдэг гэдгээ бахархан ярьж байлаа.
Б.Отгонболд тэмцээнд оролцохдоо сэтгэлзүйгээ маш өндөр түвшинд бэлтгэхээс гадна өөрийгөө сайн төвлөрүүлж анхаарлаа гол цэгт барьж ажилладаг онцлогтой. Азийн наадмаас “Парис-2024” олимпын наадмыг зорих эрхээ өвөртөлсөн тэрбээр 11-р сард Тайландын Бангкокт болох Ази тивийн АШТ, 2024 оны 5-р сард болох Дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцож багаараа Олимпыг зорих “Эрх”-ээ өвөртлөхийг зорьж бэлтгэж байна. Б.Отгонболд үзүүлсэн гаргасан амжилтаараа байт харвааны спортоор сонирхон хичээллэх хүүхэд залуусыг уриалан дуудах, зөв мсж-ийг өгдөг учраас баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе