Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ний өдрүүдэд айлчилна. Энэхүү төрийн өндөр дээд хэмжээний айлчлал өнөөдөр /2023.10.10/ эхэлж буй юм.
Өнгөрөгч тавдугаар сард /2023.05.20/ Э.Макрон манай улсад айлчлах үеэр манай Ерөнхийлөгчийг урьсаны дагуу ийнхүү айлчилж байгаа юм. Бүгд Найрамдах Франц Улсад хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж буй нь анхаарал татаж байна. Энэ нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл юм.
Үүгээр онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангах аж.