
Өнгөрсөн долоодугаар сард гарсан ч Холливуудын эсэргүүцэлтэй тулгарч, кино театруудаар гарч чадаагүй кино бол “Эрх чөлөөний дуун” буюу “Sound of Freedom” юм. Мексик найруулагчийн бүтээсэн уг кино нь хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн наймаа, цаашлаад хүүхдийн порнографийн талаар харуулсан, бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл юм.
Энэхүү бүтээлийг “хэт улстөржсөн” буюу АНУ-ын сөрөг хүчний намын үзэл санааг тусгасан гэж үзсэн тул үндсэн санааг нь олон нийтэд хүргэхэд нэлээн саадтай учирсан. Гэсэн ч Илон Маск X буюу хуучнаар твиттер дээр тус киног үнэгүй цацаж, хүн бүр үзэх хэрэгтэй гэж уриалсан билээ.
Киноны тухайд, Тим Баллард гэх тусгай ажилтан АНУ-ын дотоод аюулгүй байдлын департментад 12 жилийн турш хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн наймааны хэргүүдтэй тэмцэж ирсэнг харуулж эхэлдэг. Түүний ажлын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг нь хүүхдийн порнографийг үзэж, үйл явдлын талаар нэгд нэгэнгүй тайлагнаж бичих ёстой байдаг. Кинон дээр гарч буй эдгээр үйл явдал нь амьдрал дээр болсон үйл явдал гэдгийг бодит амьдрал дээрх Тим Баллард хэлсэн юм. Хүүхдүүдэд үйлдэж буй энэ аймшигт дүрслэлүүдийг харж, бичнэ гэдэг үнэхээр хэцүү бөгөөд хүүхдүүд гэдэгт 5,6 настнуудыг ярьж байгаа гэдгээ хэлсэн байна.
Гэхдээ 2006 онд АНУ-ын хуульд өөрчлөлт орж, АНУ-ын газар нутаг дээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг барихын тулд өөр оронд очиж, тэдэнд хэрэг тулгах боломжтой болсон аж. Бодит амьдрал дээр Тим Баллард Колумб болон Гаитид болж буй томоохон хүүхдийн наймааны хэргүүд дээр ажиллахаар шийдсэн байдаг.
Харин кинон дээр зөвхөн Колумбд болсон үйл явдлыг харуулдаг. Тэрбээр зохион байгуулалттайгаар Колумбийн цагдаа нартай хамтарч, 120 гаруй хүн, тэр дотроо 55 хүүхдийг аврах ажиллагааг хийсэн бөгөөд энэ бүхнийг хийхийн тулд өөрийн карьераасаа татгалзаж, ажлаасаа гарах шийдвэр гаргасан нэгэн юм. Ажлаасаа гарч, харь оронд олон арван хүүхэд аврах ажиллагааг хийхэд түүнд тусалсан олон хүн байдаг байна. Кинон дээр гарч буй эсрэг дүрүүд буюу хүүхдийн наймаа хийж буй хүмүүс бодит амьдрал дээр байсан эсэхийг Тим Баллардаас асуухад “Энэ кинон дээр гарсан муу дүр бүр бодит байсан, хүүхдүүд ч бүгд бодит амьдрал дээр байсан…” гэсэн юм.
Тэрбээр өдгөө эхнэр, есөн хүүхдийн хамт амьдардаг ба үрчилж авсан хоёр хүүхэд нь түүний аварсан хүүхдүүд юм. Тус кинонд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт хэрэг сүүлийн нэг жилд 5000 хувиар өссөнийг онцолж, хууль бус зэвсгийн наймааг хэдийнээ гүйцэж, мансууруулах бодисны худалдаанаас ч ашигтай болоход тун ойртсон гэдгийг сануулсан юм. Энэ кино хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн наймаа дэлхий дахинд тулгамдаж буй “маш аюултай” асуудал болсныг сануулж, эцэг эхийг хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг уриалсан юм.
SOURCE: FOX NEWS, HISTORYVSHOLLYWOOD