Газын зурвас дахь нөхцөл байдал цаг минутаар хэмжигдэж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. “Хамас” бүлэглэл Бямба гарагт Израилд гэнэтийн цохилт үзүүлснээс болж 900 хүн нас барсан. Улмаар Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамас бүлэглэл хариугаа заавал хүртэх болно” гэдгийг анхааруулж, Газын зурвас руу хариу цохилт өгсөн юм.
Тэрбээр телевизээр дамжуулан “Хүнд хэцүү өдрүүд цаашид ч үргэлжлэх шинжтэй байна” гэж ард иргэддээ хандаж хэлсэн. Израил улсын батлан хамгаалахын сайд Юав Галлант Газын зурвасыг бүрэн бүслэхийг тушаал болгосон ба тус бүс нутгийн цахилгаан, хүнс, ус, шатахууны гинжин хэлхээг саатуулна гэсэн юм. Хэдий Газын зурваст “Хамас” бүлэглэл 2007 онд хяналтаа тогтоосон байдаг ч агаарын орон зай нь Израилийн мэдэлд байдаг. Харин “Хамас” бүлэглэлийн зүгээс “Газын зурваст онилж байгаа хүн нэг бүрийнх нь төлөө Израилаас олзолж, барьцаалсан байгаа энгийн иргэн бүрийн амь насанд халдана” гэсэн бөгөөд үүнийгээ бичлэг болгон бичиж, цацна гэдгийг анхааруулсан юм. Израилийн дайралт эхэлснээс хойш Газын зурваст 690 гаруй хүн амь үрэгдсэний 140 нь хүүхэд байна гэдгийг тус бүс нутаг дахь эрүүл мэндийн яамнаас нь өнөө өглөөний байдлаар мэдэгдээд байна. Мөн “Хамас” бүлэглэлийн хэлснээр Газын зурваст Израилын 100 гаруй хүн барьцаалагдсан байгаа бөгөөд тэдний дотор Израилийн армийн өндөр албан тушаалтнууд багтаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хамас” бүлгийн дайчид олон энгийн иргэнийг, тэр дотроо хүүхдүүдийг олзолж байгаа дүрс бичлэгүүд цацагдаад буй. Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Израилын батлан хамгаалах хүчин энгийн иргэд хийгээд эрүүл мэндийн ажилтнуудыг зорилготойгоор онилж байна гэж буруутгасан. Харин “Газын зурвас дахь энгийн иргэд бидний дайсан биш бөгөөд бид дайны байдалтай байгаа энэ нөхцөлд энгийн иргэдэд цохилт өгөх, хохирол учруулахгүйн тулд боломжтой бүхнийг хийх болно" гэж Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Мөн үүний хариуцлагыг Израил биш, Хамас бүлэглэл үүрэх ёстой гэсэн юм. “Хамас” бүлэглэлийн зүгээс Израил гал нээж байгаа цагт барьцаалсан иргэдийн асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжгүй гэдгээ мөн мэдэгдсэн. “Хамас” бүлэглэлийн барьцаалсан хүмүүсээс дөрвөн энгийн иргэн амь үрэгдсэн гэх мэдээлэл бас байгаа юм.
Гадны улсууд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Франц, Герман, Итали, Их Британийн удирдагчидтай ярилцаж, Израильд болж буй асуудлын эсрэг зохицуулалттай хариу арга хэмжээ авч хэлэлцэх талаар саналд хүрсэн байна. Тэдний яриа Израилд цэрэг, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх асуудалд төвлөрчээ. Эдгээр таван улс бүгд Израильд болсон үйл явдалд Хамас бүлэглэлийн эсрэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, Израилийн дэргэд зогсож, өөрийгөө хамгаалахад нь тусална гэдгээ хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Гэхдээ Израилийн газар нутаг дээр цэргүүдээ байршуулахгүй гэдгийг Цагаан ордны зүгээс хэлсэн юм. АНУ мөн Ираныг энэ асуудалд хамаатай гэж үзэж байгаа ч Иран оролцсон эсэх талаар нотолгоо, баримт байхгүй байна. Харин Ливаны “Хэзболлах” террорист хөдөлгөөн энэ мөргөлдөөнд оролцож, Израил руу гал нээсэн. Үүнээс болж Израилийн батлан хамгаалах хүчний нэг командлагч амиа алдаад байна.