Иргэд болон барилгын компаниуд Хөгжлийн банкны зээлийн өрөндөө суутгаж авсан байруудыг зах зээлийн үнээр худалдаж авах боломж нээгдээд байна. Иргэд "Шинэ яармаг" хорооллын ашиглалтад орсон 41 орон сууцаас сонголтоо хийх боломжтой. Харин барилгын компанийнхан дунджаар 30 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж буй 7 блок орон сууцыг зах зээлийн үнээр худалдан авах боломж бүрджээ.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк чанаргүй зээлийн өрөнд шилжүүлж авсан 93 үл хөдлөх хөрөнгөөс 3.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 орон сууц, 1 үйлчилгээ, 14 авто зогсоолын зориулалттай нийт 26 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна. Эдгээрээс "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын В хэсгийн дутуу гүйцэтгэлтэй 7 блок орон сууц, 2 блок үйлчилгээ, 1 блок авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд ийнхүү худалдан борлуулах гэж байгаа юм.
"Шинэ яармаг" хороололд ашиглалтад орсон орон сууцны 1 метр квадрат нь 3,3 сая төгрөгийн үнэтэй байна. Харин дутуу гүйцэтгэлтэй 7 блок орон сууцны 1 метр квадратын дундаж үнэлгээ нь 1,300,000 мянган төгрөг, 2 блок үйлчилгээний зориулалттай талбайн 1 метр квадрат талбайн дундаж үнэлгээ 800,000 төгрөг, 1 блок авто зогсоолын 1 метр квадрат талбайн дундаж үнэлгээ нь 1,800,000 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Тухайн барилгыг, барилгын компаниуд, барилга гүйцэтгэгч. төсөл хөгжүүлэгч нарт банкны зүгээс санал болгож байгаа бөгөөд нийтэд нь 63.8 тэрбум төгрөгөөр худалдан авах боломжтой.
Ашиглалтад орсон байрны талаар Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ ярихдаа "Манай байрыг сонирхсон иргэн, хуулийн этгээд Хөгжлийн банкны цахим сайтаар ороод саналаа өгөх боломж нь нээлттэй. Бэлэн төлөлтөөр болон арилжааны банканд зээлээ судлуулах замаар худалдаж авах боломжтой. Шинэ яармаг цогцолбор хорооллын хувьд бүх юмыг цогцоор нь шийдсэнээрээ давуу талтай. Улсын сургууль, цэцэрлэг болон “Мөсөн өргөө” зэрэг үйлчилгээний зориулалтын талбайнууд ойр орчимд нь бий” гэлээ.
Дутуу баригдсан байруудын чанар, боломжийн талаар Хөгжлийн банкны активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн инженер Б.Батболд, "7 блок орон сууцны зориулалттай барилгыг авч үзэхэд метр квадратынх нь үнэ 1,3 сая төгрөг. Үүнийг барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд худалдаж аваад, үргэлжлүүлж бариад, ашиг хүртэх боломж байна. Барилгын хувьд нил хавтан суурьтай. 200 мм-ийн төмөр бетон ханатай, бүрэн цутгамал барилга. 7 блок барилгын 2 блок нь дутуу гүйцэтгэлтэй, 1 блок нь 13 давхар, нөгөө блок нь 15 давхар дээр гүйцэтгэл нь зогссон. Гражийн хувьд 4306 м2 талбайгаас 70 орчим хувийн гүйцэтгэлтэй. 1500 орчим м2 дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ барилгууд нь 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээр зураг төсөл нь хийгдсэн. Карказан барилгыг бодвол бүрэн цутгамал барилга илүү бат бөх байдаг” гэсэн юм.
Одоогоор нийт таван байршилд ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгүүдээс орон сууц болон үйлчилгээний зориулалттай нийт 56 үл хөдлөх хөрөнгө, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 11 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах нээлттэй саналыг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар авч байна. Дутуу гүйцэтгэлтэй барилгыг худалдан авах саналыг тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад санал болгож байгаа юм. Үл хөдлөх худалдан авахаар сонирхож байгаа хүсэлт гаргагч нь арилжааны банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд үүний тулд урьдчилгаа төлбөрийг байршуулж, баталгаажуулсан тохиолдолд 30 хоногт зээл судлуулах хугацаа олгох юм.
Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513 утсаар холбогдож авах, урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.