Цар тахлын үед буюу 2020 оны 12 сарын 30-ны орой олон нийтээс 2,2 тэрбум төгрөг цугларсан байдаг. Монголчууд цар тахлын дэглэм сахиж гэртээ байхдаа онлайн тоглолт үзэж “Хүүхдийнхээ төлөө” хэмээн халуун сэтгэлээр нэгдсэн нь энэ байлаа. Шөнийн хоёр цаг хүртэл үргэлжилсэн тоглолт тогтмол үйл ажиллагаатай сан үүсгэх байгуулахаар хэмжээний дэмжлэгийг олон нийтээс авч чадсан. Улмаар энэ мөнгийг тухайн үеийн ХНХ-ын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяад хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд Засгийн газраас Хүүхдийн төлөө фонд буюу санг үүсгэн байгуулж, хандивын мөнгийг төвлөрүүлсэн.
Өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс өгсөн мэдээллээр фондын мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих, олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчдыг урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг олон улсын тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэхэд зарцуулж байгаа юм байна. 2021-2023 онд нийт 297 сая 700 мянган төгрөгийг дээрх чиглэлээр зарцуулжээ.
САНГИЙН ОРЛОГО ХЭРХЭН БҮРДЭВ?
Хүүхдийн төлөө фонд буюу сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг. Үүнд:
- Улсын төсвийн орлого
- Хандив тусламж
- Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын дугаар худалдан борлуулсны орлого
- Бусад орлогоос бүрддэг.
Олон нийтээс өгсөн хандивын тухайд 2021 онд 12 сая, 2022 онд 5 сая, 2023 онд 100,000 төгрөг цугларсан.
Авто тээврийн сонирхол татахуйц улсын дугаар худалдан борлуулсны орлогоор 2021 онд 3,4 тэрбум, 2022 онд 4,3 тэрбум, 2023 онд 3,1 тэрбум төгрөг тус тус төвлөрсөн байна.
Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг,спортын салбарынхны тоглолтын орлого 2 тэрбум 77 сая төгрөг тус тус цугларчээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэдийн өгсөн хоёр тэрбумаар зогсохгүй, улсын дугаар худалдан борлуулсны орлого болох тэрбумаар хэмжигдэх мөнгө жил бүр энэ санд цугларч, хуримтлалын хэмжээ нь өсөж байдаг байх нь.
Өнөөдрийн байдлаар тус санд 12,796,707,870 төгрөг байна. Үүнийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ажилд зарцуулна хэмээн албаныхан тайлбарлаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Зөвлөлийг тэргүүлдгийн хувиар сангийн мөнгийг захиран зарцуулах эрх нь түүний гарт бий. “Өнөөдөр Монгол улс хүүхдэдээ хамгийн ээлгүй улс болчихлоо. Энэ бол хүүхэд хамгаалалд анхаарч ирээгүйн балаг хэмээн олон нийт хүчтэй шүүмжилж байна”. Түүнчлэн, “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгийг амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа, зайлшгүй өндөр өртөгтэй хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдүүдэд зарцуулах ёстой гэдэг асуудлыг ч байнга хөнддөг юм. Гэвч төр авч хэлэлцэхгүй өнөөдрийг хүрч байна. Төрөөс гадаад улсад өндөр өртөгтэй хагалгаа эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд 5 сая төгрөг олгодог. Гэхдээ эмчилгээнд явахаас өмнө бус, яваад ирснийх нь дараа л хөөцөлдөх ав гэдэг учраас тэдэнд дэм болж чаддаггүй. Өнөөдөр зуу зуун хүүхэд олон нийтээс хандив гуйж эмнэлгийн орон дээр амь тэмцэж байна.
Гэтэл Засгийн газар Хүүхдийн төлөө сангийн 12,7 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна” гэх нэрийн доор хадгалсаар байна. Одоогоор юунд, яаж зарцуулах нь тодорхой бус хэвээр байна.
Видеог дээрээс үзнэ үү.