2017 онд Барс зах орчим бусдын гарт амиа алдсан иргэний хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгааг шударга бус үйлдэл гэж үзэн талийгчийн ар гэр мэдээлэл өглөө. Тодруулбал 2017 оны гуравдугаар сард талийгч Т, төмс ногооны ченж Ч-д зодуулан амиа алдсан байна. Хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэнд талийгч Т-гийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа хэлж, байр сууриа илэрхийллээ.
Хэргийн талаар хохирогчийн өмгөөлөгч, “Хэрэг шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь мөрдөн байцаагч авлига авч, прокурор хэрэгсэхгүй болгож, шүүх цагаатгасан явдал. Хэргийг БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Батсайхан гэх хүн анх мөрдөж байсан. Тангаргаа зөрчиж, анхнаас нь будилаантуулах эх үүсвэрийг тавьсан. Мөн хяналтын прокурор М.Мөнхцэцэг хэрэгсэхгүй болгож байсан. Үүний дагуу Улсын Ерөнхий Прокурор хүртэл гомдол гаргаж, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч нотлох баримт хангалтгүй гэдэг үндэслэлээр дахин цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Цагаатгах явцад буюу 2018 оны сүүлчээр Г.Батсайхан авлига авсан нь илэрсэн.
Ингээд 2021 онд Г.Батсайханы авлигын хэрэг тусдаа хэрэг болж яваад шийдэгдсэн. Дөрвөн жилийн ял авсан. Гэвч давж заалдан, хөөн хэлэлцэх хугацааг хожих замаар явсаар ноднин дахин шүүхээр орж, торгох ял болгуулсан. “Эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь тогтоогдсон бол…” гэдэг үндэслэлээр бид дахин шүүхэд хандах эрх нээлттэй болсон. Энэ дагуу жил гаруйн өмнө өргөдлөө өгсөн ч одоо хүртэл шалгаагүй, хариу өгөөгүй байна” гэлээ.
Харин талийгч Т-ийн ээж, “Өнөөдрийг хүртэл хүүгийн маань хэрэг, БГД-ийн прокурор дээр, ямар ч шийдэлд хүрэхгүй гацчихлаа. Хүү минь 27 насандаа бусдын гарт амиа алдсан. Амьд байсан бол 31 нас хүрсэн сайхан залуу байх байсан. Би хорвоо дээр ганцхан хүүтэй байсан. Гомдолтой байна” гэв.