Азийн наадмын өмнөхөн 09 дүгээр сарын 22-ны өдөр WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас Монгол улсад алдаа дутагдлаа засах 4 сарын хугацааг олгосон. Гэтэл өмнөх Үндэсний их баяр наадмын допингийн асуудлаа цэгцэлж ч чадаагүй байтал Азийн наадмаар дахин нэг асуудал дэгдлээ. Учир нь Азийн наадмын допингийн шинжилгээг хариуцсан Олон улсын Шинжилгээний Агентлаг /ITA/ энэхүү наадамд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан цөөн хэдэн тамирчны нэг нь Монгол Улсын хүндийн өргөлтийн шигшээ багийн гишүүн Буяндэлгэрийн Эрдэнэзул болохыг мэдээллээ.
19-хөн настай тухайн тамирчны А сорьцоос хориглосон жагсаалтын S1 бүлэгт багтдаг дростанолын метаболит илэрснийг зарлажээ. Б.Эрдэнэзул Азийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээнд 55 кг-ийн жинд өрсөлдөж, огцом өргөлтөөр 70 кг, түлхэлттэй өргөлтөөр 87 кг, нийлбэрээр 157 кг-ийн амжилт үзүүлж, 12 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ. Тамирчин хэдийгээр эхний 12-т бичигдсэн ч допингийн эсрэг үйл ажиллагааны хувьд маш ноцтой алдаа гаргалаа. Допингийн эсрэг дүрэм зөрчсөн цөөн тамирчны тоонд Монгол улс орчхов. Угтаа бол шударгаас шударга өрсөлдөх их спортын суурь дүрмээ илтэд зөрчсөн явдал боллоо. Монгол улсаа ч муухай харагдуулав.
Монгол улсын зөвхөн үндэсний бөх нь допингд холбогддог бус их спортдоо ч асуудалтай гэдэг нь үүгээр батлагдчихлаа. Монголын Үндэсний Олимпын хороо Допингийн асуудал дээр нэн даруй яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, ажлаа ч сайжруулах хэрэгтэй байгааг энэхүү явдал тод томруунаар сануулав.
Харин 09 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан допингийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл энэ ажлын хэсэг даруй шийдвэрээ гаргах цаг нь хэдийнээ болжээ. Эс бөгөөс өнөө маргаашийн өөх махаа тойруулсаар байтал Монгол Улс “Парис-2024” зуны олимпод “Цагаан туг”-ын дор оролцохоор болчих вий…