ХХААХҮЯ-наас залуу малчдын зөвлөгөөнийг төрийн ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөнд залуу малчдын төлөөлөл болсон 800 малчин оролцож, саналаа хэлсэн. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханшийг нэмэгдүүлэх, малчдад очих эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон асуудлыг тэд хөндөж байлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын залуу малчин Б.Цэнд-Аюуштай ярилцлаа.
Тэрээр “Бид сум орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, боловсон хүчнийг нь чадавхжуулах асуудлыг голлон хөндөж байна. Нөгөө талдаа, малын ашиг шимийг хэрхэн сайжруулах асуудлаар илтгэгчид илтгэл танилцууллаа. Маш олон зүйлийг сонсож авлаа. Эндээс харахад, малчид өөрсдөө ч гэсэн малынхаа махыг эрүүл, эко байхад анхаарч чадвал үнэ нь нэмэгдэнэ гэдэг асуудлыг холбогдох байгууллагуудын судлаачдаас дууллаа.
Ер нь малын тоо биш, чанар чухал. Иймээс манайх чанартай цөөн мал өсгөхийг чухалчилдаг. Манайх бог, бод мал тэнцүүхэн, аль алийг нь л өсгөж байна.
Би 2015 оноос буюу айлын гэргий болсноосоо хойш мал маллаж байна. Малчин байна гэдэг сайхан шүү дээ. Зуны дэлгэр цагтаа ааруул цагаан идээгээ боловсруулчихна. Нөхөртэйгээ морь уялцаад явчихна. Малчин хүний жаргал гэдэг үгээр хэлшгүй сайхан. Цаг нарт баригдахгүй, дураараа тааваараа л амьдардаг амьдрал байдаг даа.
Залуу малчид хөдөөд ховордлоо. Төр анхаараач ээ гээд байдаг. Гэтэл яг үнэндээ энэ чинь төрийг хараад байх ажил биш шүү дээ. Хөдөөд малаа маллаад тааваараа амьдрах боломж хүн болгонд байна. Залуучуудыг аль болох хөдөө амьдраасай. Малынхаа үржил шимийг хүртээд амьдраасай гэж боддог. Хөдөө амьдраарай гэж уриалмаар байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.