Бага насны хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь гаднын танихгүй хүмүүс биш, ойр тойрны хэн нэгэн нь байдаг талаар Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь хэлж байна. Тэгвэл охидоо бэлгийн хүчирхийллээс хамгаалахын тулд юуг анхаарах ёстой талаар зөвлөгөөг хүргэж байна.
Тэрбээр, “Хүүхдийн асран хамгаалагч эцэг эхчүүд өөрсдөө бэлгийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ингэснийхээ дараа хүүхдэдээ зааж өгөх ёстой юм. Бэлгийн хүчирхийллийн асуудалд надад болон миний эргэн тойрны хүмүүст тохиодохгүй гэх итгэлээр хандаж огт болохгүй. Хэнд ч тохиолдож болзошгүй учраас бэлгийн боловсрол, эрүүл мэндийн боловсролыг насан туршийн боловсрол болгон хэвшүүлэх нь зүй. Баталгаатай эх сурвалжийн бодитой мэдээллээс байнга суралцах хэрэгтэй.
Ингэж олж авсан мэдлэг мэдээллээ хүүхдүүддээ зааж өгөх нь чухал юм. Ингэхдээ ичиж, санаа зовсон, өөртөө итгэлгүй байдлаар заах нь буруу. Ичиж санаа зовсон байдлаар заах юм бол хүүхдэд, бэлгийн хүчирхийлэл нь ичиж, санаа зовмоор, нуух ёстой зүйл юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Гол нь нээлттэй ярилцах. Ингэж чадах юм бол хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө эрхийг хамгаалж сурна.
Хамгийн гол нь бэлгийн хүчирхийллийн асуудал дээр нууц байхгүй шүү гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ, өнөөдөр, сургууль цэцэрлэг дээр нь ямар үйл явдал болсон, чи юу гэж бодож байна, тэр үйл явдлаас чамд ямар мэдрэмж төрсөн гэх мэтээр нарийн асуулт асууж, ярилцах цаг гаргах хэрэгтэй юм.
Биеийн далд хэд хэдэн хэсгүүдийн талаар хүүхдэдээ ойлголт өгөх хэрэгтэй. Эхнийх нь аман хэсэг. Хоёрт цээжин хэсэг, гуравт бэлэг эрхтэн, цавь хэсэг. Дөрөвт өгзөг хэсэг орно. Энэ дөрвөн хэсэг маш далд хэсэг. Эдгээр нь зөвхөн чиний хувийн орон зай . Хэн нэгэн эдгээр хэсгүүдэд нь хүрэхээр болох юм бол ямар байдлаар хүрч болох вэ гэдгийг хэлж өгнө гэсэн үг. Эдгээр хэсгүүдэд нь хэн нэгэн хүрч, тухайн хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлэх юм бол үүнийг нууцалж болохгүй гэдгийг сайтар хэлээрэй. Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудал бол гэрчгүй нөхцөлд, хоёулхнаа байх хугацаанд үйлдэгддэг. Тиймээс танай хүүхэдтэй хэн их байх гээд байна, хэн их цаг зав гаргаад байна гэдгийг ажиглаж байх хэрэгтэй” гэлээ.