БЗД-ийн 21 дүгээр цэцэрлэгийн удирдлагууд багш нарын баярын өдрийг тохиолдуулан эцэг эхчүүдийг нэг өдөр багшаар ажиллуулж, багш мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах, хамтарч идэвхтэй ажиллахад чиглэсэн “Хишиг өдөр”-ийг зохион байгуулжээ. Энэ үеэр бид багшилж буй аав, ээж болон ангийн багш нартай уулзлаа.
Эцэг эхчүүд нэг өдөр багшилснаараа цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн сайхан хийгээд хүн хэцүүг өөрийн биеэр амсжээ. Дийлэнх ээж аавууд багш нарыг үнэхээр тэвчээртэйн дээр, хүнд хөдөлмөр эрхэлдэг юм байна хэмээн ам уралдуулан ярьж байлаа.
Энэ талаар бага бүлэгт багшилж буй ээж Б.Даваасүрэн, “Хишиг өдөр гээд цаанаас нь зохиодог үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Тэрэнд нь зориулаад хоёр багшдаа туслаад эцэг эхчүүд маань боломжоороо ирж ажиллаж байгаа. Өнөөдөр ирээд ажиллаж байхад маш сонирхолтой байна. Яагаад гэхээр айл болгонд энхрий бяцхан хайрлуулж өсгөж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Хүүхэд бүр өөр өөрийн зан араншинтай, бүгдтэй нь тулж харьцана, өөр өөр хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор маш сонирхолтой байна. Хажуугаар нь хоёр багш маань ямар их ачаалалтай ажилладгийг ойлгож байна.Ачааллыг нь анзаарахад нэг хэсэг нь өөр юм хийж байхад нэг нь энд уйлаад л, баалаа шээлээ гээд л ийм асуудлууд маш их байдаг юм байна. Мэдээж айл бүр хүүхдүүдтэй болохоор нэгдүгээрт ачаалалтай байна, хоёрдугаарт багшаас бүх төрлийн ур чадварыг шаарддаг юм байна. Дуулна, бүжиглэнэ, заана, үлгэр ярина гээд л. Түрүүхэн би хүүхдүүдэд үлгэр ярьж өглөө л дөө, хоолой гарахгүй, хамаг чангаараа ярьж байж л ярьж дуусгалаа. Хүүхдүүд цонхоор хараад, уйлаад л байдаг юм байна” гэж ярилаа.
Бид мөн 21-р Цэцэрлэгийн бага бүлгийн багш Д.Болорчимэгтэй уулзаж багш мэргэжлийн талаар болон Хишиг өдөр арга хэмжээний ач холбогдлын тухай асуулаа.
Тэрбээр, “Бага бүлгийн хүүхдүүд маань дөнгөж цэцэрлэгт орж ирээд дасан зохицохгүй уйлаад л, бие биеэ маажих гэх мэт асуудлууд гардаг. Ээж аавууд хүрч ирж ажилласнаар эцэг эхчүүд багшийн ажлыг ойлгох гол зорилготой юм.
Би 2010 оноос 21-р цэцэрлэгт ажилд орсон юм. Нийтдээ бүлгийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхдийн энерги маш цагаан. Ерөөсөө өглөө ажилдаа ирээд л хүүхдүүдтэйгээ хэчнээн уйлалдсан ч, учраа мэдэхгүй байсан ч цаанаасаа л багшийгаа гээд тэврэхэд маш сайхан байдаг. Хүүхдийн энерги багшийгаа тэтгэдэг. Эцэг эх, багш хоорондоо уялдаа холбоотой байвал ямар нэгэн зөрчил гарахгүй” гэв.
Мөн ахлах бүлэгт багшилж байгаа аав Ч.Мөнхтогтох бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр, “Багш нарын баярт зориулаад эцэг эхчүүд нэг өдөр багшилж, багш нарынхаа ажилд дэм болж, цэцэрлэгийн орчинд ажиллах боломж олдоод ажиллаж байна.
Манай гэр бүл 4 хүүхэдтэй. Том болсон хүүхдүүдтэй болохоор гэрт их шуугиантай байдаг. Энд ирээд ажиллахад бүр илүү чимээтэй байна. Багш нар асар их тэвчээртэй, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна. 4 хүүхэдтэй манай гэрт их чимээтэй бол гуч, дөчин хүүхэдтэй ажилладаг энд ямар байх нь ойлгомжтой биз.
Багш нарын хүндэлж байж эргээд хүүхдүүдэд минь халамж, хайр энэрэл хүрнэ. Тиймээс багш нартаа баярлалаа, та нартаа баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Түүнчлэн цэцэрлэгийн арга зүйч Э.Энхзаяа бидэнд дараах мэдээллийг өглөө. Тэрээр ярихдаа, “Багш нарыг тохиолдуулаад эцэг эх, асран хамгаалагчдад багшийн ажлыг танилцуулах, ажлын ачааллыг ойлгуулах, ямар сургалт, үйл ажиллагаа явуулдаг талаар ойлгуулахын тулд "Хишиг өдөр"-ийг зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагаагаар БЗД-ийн 21-р цэцэрлэгийн төв байр болон 2 салбар байрнуудад нэгэн зэрэг зохион байгуулагдаад явж байна.
Эцэг эхчүүд болон иргэдэд хандаж хэлэхэд багшийгаа ойлгож, дэмжиж ажиллаарай. Эцэг эхчүүдтэй ажиллахад хүүхдүүдээсээ илүү хүндрэлтэй байдаг. Багштайгаа ээж аавууд хамтраад ажиллахад багшийн сэтгэл зүйд ч тэр, хүүхдүүдтэйгээ ажиллахад ч тэр их хэрэгтэй байдаг. Ингээд нийт багш нартаа баярын мэндийг дэвшүүлье” гэв.