Өчигдрийн УИХ-ын чуулганаар ХЗДХ-ийн сайдад томилогдсон Б.Энхбаяр гишүүнээс УИХ-ын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар хотын газрын авлигыг цэгцлэхэд хэрхэн анхаарах талаар хоёр асуулт асууж, хариулт авлаа. Ингэхдээ тэр эдгээр асуултын хариултаа эргээд нэхнэ гэдгээ хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Нэгдүгээрт, Улаанбаатар хотын газрын авлигал зах замбараагаа алдсан. Үүний үр дүнг өнгөрсөн зуны турш харлаа. Авлига хороолол, S outlet гэдэг газруудыг ард иргэд ярьж байна. БХБЯ нь барилга эрхлэх зөвшөөрлийг нь цуцлахад та нар юу юм бэ гэсэн маягтай ажиллаад зогсдог. Хяналт шалгалтын газрууд нь очоод шалгахаар хууль нь мөрдөгддөггүй. Энэ нь бяр чадалтай авлигачдын их том бэлгэ тэмдэг юм. Энэ газруудад хууль хэрхэн очдогийг харуулж өгөөч. Яаж ажиллах вэ. Би эргэж нэхнэ шүү.
Хоёрдугаарт, Нүүрсний хулгайн сонсгол явах байх. Сонсголыг бүх хүрээгээр нь, дэлгэрэнгүй, бүх талыг нь хамруулж зохион байгуулахыг хүсье” гэсэн юм.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Улаанбаатар хотод газрын авлига гаарсан. Үүнийг олон жил ч ярьсан. Ерөнхий сайд өөрийн онцгой анхааралд авч, туршлагатай, зоригтой, ХЗДХ-ийн сайдаа илгээж, энэ асуудлыг нэг мөр олон жил эргэж буцаж ярихгүй байхыг тулд орж байна. Үүнд хуулийн дэмжлэг их хэрэгтэй болно. Энэ бүх зүйлийн суурь нь газрын хуультай холбоотой.
Хот төлөвлөлттэй холбоотой өнгөрсөн онд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл байгаа. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж, УИХ батлах шаардлагатай. Энэ төслөөр хотыг хот төлөвлөлттэй, зөвхөн төлөвлөгөөний дагуу газар олголт хийгддэг. Орон сууцтай холбоотой асуудалд стандартыг барьдаг. Стандарт нь хууль болж үйлчилдэг бодлого УИХ-д Засгийн газраас нэгэнт орж ирсэн. Үүнийг шийдвэрлэх байх.
Төрийн байгууллагууд газраа зардаг, орон сууц барьдаг асуудлыг цэгцлэх чиглэлээр би УИХ-ын гишүүнийхээ хувьд хуулийн төсөл өргөн барьж, УИХ дэмжсэн. Энэ асуудалд шийдэгдвэл нэлээн олон зүйл цэгцрэх байх” гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Би Улаанбаатар хотоос сонгогдоогүй. Гэхдээ Улаанбаатарын асуудалд надад хамаагүй гээд нүдээ аньж чадахгүй. Газрын наймааг таслан зогсоож, шударга ёсыг сэргээгээд өгөөч. Зогсоох гэж яамд, агентлагуудын гаргасан шийдвэр хэрэгжихгүй байгаад өөрийнхөө удирдлагад байгаа агентлагуудыг ажиллуулж, хуулийг сахиулж өгөөч гэдэг хүсэлт тавьж, асууж байна” гэлээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлига хороолол, S outlet-тэй холбоотой асуудалд би шууд хариулахгүй. “Би нураана, нураахгүй” гэж хэлэх нь зохимжгүй. Судалж үзнэ. Миний бодлоор хүн нь ч буруутай, хууль эрхзүйн орчин нь ч асуудалтай гэж үзэж байна. Тусгай хамгаалалттай газарт бүтэн хорооллууд үүссэн. Хуучин Хан-Уул дүүргийг хоёр дахин нэмсэн хороолол шинээр үүссэн. Зайсан, Яармагт. Эдгээрийг яах вэ. Энд хуулийн буруу байхгүй. Хуулийн асуудлыг шийдэж, үүнийг зөрчсөн хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хоёр жигүүрээр хоёуланг нь шийдэх ёстой” гэв.