Сан Францискогийн их сургуулийн бизнесийн сургуулийн декан монгол бүсгүй “Америкийн Бэй бүсийн бизнесийн салбарын нөлөө бүхий 100 эмэгтэй”-н нэгээр тодорчээ.
Э.Отгоо нь 2005 онд АНУ-д шилжин суурьшсан бөгөөд АНУ-д санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол оюутан байв. Тэрбээр 2022 оны долоодугаар сарын 1-нд Массачусетс мужийн бизнесийн чиглэлийн хувийн их сургууль болох Бентли их сургуулиас Сан Францискогийн их сургууль руу шилжиж, бизнесийн туслах декан, туслах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. "Манай сургуулийн ажлыг ингэж үнэлсэнд үнэхээр их баяртай байна" гэж Э.Отгоо сэтгэгдлээ илэрхийлжээ.
Э.Отгоо нь 25 нас хүртлээ Улаанбаатар хотод амьдарсан бөгөөд инженер мэргэжлийг анх эзэмшжээ. Үүний дараа эдийн засгийн чиглэлээр магистрт суралцахаар АНУ-ыг зорьсон бөгөөд санхүүгийн чиглэлээр мөн доктор хамгаалсан.