Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан бөгөөд уг хуулийн төслийн зүйл, заалтыг сайжруулан Монгол Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байгаатай холбогдуулан БНСУ-ын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сайн туршлагыг судлах, хамтын ажиллагааг эхлүүлэх, тус хуулийн төслийг сайжруулах зорилтын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 09 дүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл, Пусан, Гванжу хотод томилолтоор ажиллав. Энэ үеэр бид Соёлын дэд сайд М. Батбаяраас дараах мэдээллийг авлаа.
Тэрээр, “Монгол улсын соёлын яам БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын яам хооронд соёл солилцооны хөтөлбөрийг 2023-2025 он хүртэл шинэчлэн байгуулсан. Соёлын солилцооны хэрэгжилт үүгээр эхэлж байна гэж хэлж болно. Энэ таван өдрийн турш олон системтэй уулзалт хийлээ. Нэгдүгээрт яам хоорондын дэд сайдын уулзалт боллоо. Соёл солилцох хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа эрэмбэлж, ярилцсан байгаа. Нөгөө талаас БНСУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны харьяа гурван агентлагаар орлоо. Нэгдүгээрт Соёл аялал жуулчлалын судалгааны төв. Энэ улсын хөгжлийн нууц гэх зэрэг асар их зүйлийг судалж, түүн дээрээ үндэслэн шийдвэрээ гаргадаг. Тэр тусмаа гаргасан бодлого шийдвэрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн үедээ, дунд нь анализ хийдэг. Тэндээсээ дүгнэлт хийж байж дараагийн шийдвэрээ гаргадаг тинк танкууд ажилладаг юм байна.
Түүний дараагаар бид Олон улсын соёл солилцооны холбоо гэх олон нийтийн байгууллагатай уулзсан. Ингэснээр тухайн улсын нэр хүндтэй дизайнер, гар урлалын салбарын төлөөллүүдтэй, холбооны удирдлагуудтай уулзлаа. Улмаар манай улсын гар урлал, хувцас загварын салбарынхныг хооронд нь холбох, мөн ирэх аравдугаар сард, БНСУ-д болох форумд манай уран бүтээлчид, гар урлаачдыг оролцуулах тухай ярьсан байгаа” гэлээ.
ДЭЭЛ АНХ УДАА ӨМСӨХӨД ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН МОНГОЛЧУУДЫГ ОЙЛГОХ ШИГ БОЛЛОО
Бид олон улсын соёл солилцооны холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Монголын талаар ямар бодол тээж явдаг тухай нь ярилцлаа.
Тус холбооны ерөнхийлөгч ярихдаа, “Солонгос, Монгол хоёр улс маань дээр үеэсээ соёлын болон түүхийн хувьд маш ойр байсан. Солонгосын маш олон соёлд монголын соёл шингэсэн байдгийг бид бүхэн мэдэж байгаа. Цаашдаа уламжлал болон орчин үеийн зохицлыг урлагтай холбогдуулаад манай хоёр орны соёлын солилцоо идэвхтэй явагдаасай гэж хүсэж байна.
Дэд сайд надад сая дээл бэлэглэлээ. Маш их баярлаж байна.
Дээл өмссөн чинь биед их эвтэйхэн юм. Бас их загварлаг юм байна. Монголчууд яаж дээр үед дэлхийг эзэлж байсан тухай ойлгололт төрөх шиг л боллоо. Ахуйд нь зохисон хувцас болох нь мэдэгдэж байна. Ханбуг ч гэсэн Солонгосын хамгийн урт түүхтэй хувцасны нэг. Бид мөн дэд сайдад үндэсний хувцсаа бэлэглэсэн. Биед эвтэйхэн зүйл их бий. Үүнээс харах юм бол цаашдаа ханбуг, дээлний соёлын хөтөлбөр зохиовол маш сайхан байна” гэсэн юм.
МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ҮНДЭС УГСАА НЭГ ГЭДГИЙГ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУСТ ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ
Төлөөлөгчид Монгол, Солонгосын өвөг дээдэс нэг үндэстэй болох тухай ярьсан юм.
Энэ тухай, “Хоёр улс маань олон салбарт найрсаг харилцаа холбоотой ажиллаж байсан ч соёл урлагийн салбарт хангалттай ажиллаж чадаагүй зүйлс бий. Өвөг дээдэс маань дээр үед юу ярьдаг байсан гэхээр, бидний үндэс угсаа бол монголчуудтай холбоотой гэж ярьдаг байсан. Соёлын харилцаа холбоо тааруу байгаа учраас Монгол Солонгосчуудын үндэс нэг гэдэг ойлголт байхаа больсон. Цаашдаа энэ бүхнийг ойлгуулах солилцоо ихээр явагдаасай гэж хүсэж байна” гэв.
Мөн бид энэ үеэр Солонгосын морьтон соёлын судалгааны хүрээлэнгийн дарга Ку Сон Кьютай уулзсан юм. Хар багаасаа морь унаж сурсан тэр, морийг судалж дэлхийн бүх орноор явсан ч, хүн, байгаль, морь яв цав зохицдог орон монголоос өөр байхгүй тухай хэлж байна.
МОНГОЛД МОРЬ УНАХАД АМЬД БАЙГААГАА ИЛҮҮ ИХЭЭР МЭДРЭХ ШИГ БОЛСОН
Тэрээр, “Би 2023 оны эхний улирал хүртэл Солонгосын гадаад хэлний сургуулийн монгол хэлний тэнхимд монголын соёлын талаар хичээл зааж байсан. Би багаасаа морь унаж сурсан. Олон жил унасан учраас морины тухай судалж эхэлсэн байгаа.
Би дэлхийн морины соёлтой бүх газруудаар очиж үзээд, морь унаж байсан. Морь унах тохиромжтой газар нутагтай орон бол Монгол. Монгол байгаль, монгол морь хоёр хамгийн ихээр зохицдог. Дэлхийн хэмжээнд морь унаад хязгааргүй давхих боломжтой ганцхан газар бол монгол гэсэн үг. Тэндээс би амьд байгаа мэдрэмжээ авч чадсан. Морь унахад тохиромжтой энэ гоё байгалийн үзэмж, унахад тохиромжтой мориороо дэлхийд гайхуулах контентууд олноор хийгээсэй гэж хүсдэг. Би ч гэсэн морьтон монголын соёлыг дэлхийд таниулахын тулд судалгаануудаа хийсээр байх болно” гэж ярив.
Ийнхүү Солонгосын соёл солилцооны холбоонд очсон уулзалт өндөрлөсөн юм.
Цааш контент үйлдвэрлэгчдийн агентлагийн хаалгыг татлаа. Энэ талаар Соёлын дэд сайп М.Батбаяр, “Контент үйлдвэрлэгчдийн агентлаг гэж энд байна. Энэ байгууллага нь контент үйлдвэрлэгч хүний нөөц, дэд бүтцийг бэлдэж гарааны бизнес эрхлэгчдийг асар их дэмждэг. Бид бизнес төвд очсон. Тэнд улсын хэмжээнд нийт 36 компанийг төсөл шалгаруулах замаар шилж оруулдаг. Эдгээр компанийг тултал нь дэмждэг юм. Яаж гэхээр түрээсийн төлбөр авахгүй, үйл ажиллагааны зардлыг аваад бүтэн жилийн турш залуусаас гарч болох санаа, оюуны потенциалыг нь шавхаж, дэлхийд гарах боломжийг нь нээхэд бүх зүйлээ зориулдаг юм байна” гэв.
Энэ талаад дэлгэрэнгүй мэдээллийг СКL төвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ким Гён Хванаас тодржулсан юм.
КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ЯМАР Ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДЭМЖДЭГ Ч ХУДАЛДААНЫ АШИГ НЬ 25 МЯНГАН ТЭРБУМ ВОНД ХҮРЧЭЭ
Тэрээр ярихдаа, “Манай төв нь солонгосын контент үйлдвэрлэлийн гарааны бизнесийг дэмжих зорилготой 2016 онд байгуулагдсан. Энд одоо 36 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тоглоом, хөгжим, анимейшн гээд олон төрлөөр контент үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар 15 орчим бизнес эрхлэгчид манайхаар дамжаад гарсан байгаа. Худалдааны ашиг нь одоогийн байдлаар 25 мянган тэрбум вонд хүрсэн гэж үзэж байгаа. Мөн 3000 ажлын байр шинээр бий болсон. Контент үйлдвэрлэгчдийг дэмжих нь эргээд соёлын үйлдвэрлэлийн чухал нэг хэсэг нь болж чадна гэж үзсэн учраас энэ төвийг байгуулсан. Тийм ч учраас дэлхийн хоёр дахь facebook, хоёр дахь google-ийг байгуулна гэж зорьж байна.
Гадаадад ийм төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Гэхдээ манай давуу тал бол гарааны бизнес эрхэлж байгаа залууст үзүүлж буй бүх үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг. Үйл ажиллагаа явуулах орон зайнаас гадна, төрөл бүрийн тоглолтод зориулсан тайз, заал хүртэл үнэ төлбөргүй ашиглуулдаг” гэлээ.
Үргэлжлүүлэн мөн соёлын дэд сайд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Бизнесийн модел бүрээ эндээс харж суралцаж болохоор байна. Ингэснээр монголын уран бүтээлч залуусын гарааны бизнесийг дэмжих ажилдаа орсон байгаа. Хуучнаар кино үйлдвэрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн HUB болгон ажиллах гэж байгаа. Энэ жил зураг төслийг нь боловсруулсан. 2024 онд хэрэгжүүлж эхэлнэ.
Мөн бид Пусан хотод байрлах БНСУ-ын киноны зөвлөлтэй уулзлаа. Холливуудтай өрсөлдөх хэмжээний кино хийх, олон улсын А зэрэглэлийн кино наадмуудыг зохион байгуулах энэ ажлыг хийсэн байгаа. Ингэснээр тэд өөрийн кино урлагийг хөгжүүлэхийн сацуу бусад орноос суралцах, хуваалцах орон зай бий болгосон. Улмаар Пусаныг киноны хот болгоод аялал жуулчлалыг татах бүс болгосон. Мэдээж киногоороо дамжуулаад өөрийн түүх, ёс заншил, идээ ундааны соёлоо гадагшаа сурталчилж чадсан.
Тэгэхээр бид ч гэсэн энэ чиглэлээр соёлын бүтээлч үйдвэрлэлийн төвүүдийг олноор байгуулах шаардлагтай байгаа. Улс үндэстнүүд дундардаг баялагаа хэсэг хугацаанд л хэрэглэдэг. Үүнээс гарсан эдийн засгийнхаа боломжоор аль болох үйлдвэржилтийн салбарлуугаа оруулж үйлдвэрлэл бүтээдэг. Дундрах биш ундардаг салбарлуугаа ч мөн оруулдаг. Манай улс ч гэсэн үргэлж уул уурхайгаас хараат байх биш импортыг орлох, экспортыг өргөжүүлэх ийм бүтээгдэхүүн рүүгээ орж байгаа. Монгол хүний оюун санаанаас гарч болох баялагийг шавхагдашгүй нөөц болгон хөгжүүлж, эдийн засгийн шинэ салбарыг л бий болгох гэж байгаа юм” гэв.