Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болоод гурав хонож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын асуудалд хэрхэн анхаарах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Хамгийн гол нь, охины сургийг гаргахаар камер шүүхэд Дорноговь аймгийн нийтийн эзэмшлийн талбайнууд дахь болон төрийн байгууллагуудын камер ажиллахгүй байсан нь асуудал болж байна. Хувийн байгууллагуудын камерыг шүүж, охиныг авч явсан машины сургийг гаргаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс тодрууллаа.
“…Бид хүүхдийн эрхийг хамгаалах ,орон нутагт боловсролын чанарыг сайжруулах асуудалд анхаарч байна. Тухайлбал, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжтэй болгох чиглэлд анхаарснаар Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь хангалттай болсон.
Дорноговь аймаг 2018 онд 32 байршилд 69 камер суурилуулсан байдаг. Гэхдээ үүнийг 2020, 2021 оноос дахиад сайжруулж шинэчлээд явах ёстой байсан. Ер нь байнга шороогоор шуурдаг учраас камерын шил шороонд цохигдох, бүдэгрэх асуудлууд бий. Шинээр нэмж камер авах санхүүжилт шийдэгдсэн. Энэ бол аймгийн ИТХ, Худалдан авах ажиллагааны газрын эрх мэдлийн хүрээнд хийх ажил.
Хүүхэд алга болсон асуудал дээр бид бүгдээрээ санаа зовж байна. Мандах, Манлай суманд нисдэг тэрэг гаргаж ажиллуулахаар боллоо. Цаашид бид алслагдсан бүс нутагт цагдаагийн байгууллагын хүн хүчийг сайжруулж, тоног төхөөрөмжийнх нь хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг хатуу болгох нь зүйтэй. Ялаа гүйцэд эдлэхгүй суллагддаг асуудал байж болохгүй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.