Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээллээ.
Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, "Өнөөдөр эрэн хайж байгаа охинтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэл өгөх зохицуулалттай. Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир гэмт хэргийн явцын талаар мэдээлэх боломжгүй байна.
Харин эрэн сурвалжлах ажиллагааны талаар товч мэдээлэл өгье.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга н.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд үргэлжилж байна. Онцгой байдлын албаас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад өнөө өглөө долоон цагаас нисдэг тэргийг Дорноговь аймгийн Мандах сум руу хөөргөсөн. Агаараас хайх ажиллагааг явуулж байна.
Мөн газраар автомашинтай цагдаагийн алба хаагчид эрэн хайж байна. Мөн сэтгүүлч нарт хандаж уриалга гаргаж байна. Хүүхдийн асуудалтай холбоотой зүйлийг баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацдаг, иргэдийг талцуулж, төөрөгдүүлдэг байж болохгүй.
Хэвлэлээр явж буй эх сурвалж нь баталгаагүй мэдээллээс болж мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг. Магадгүй гэрчүүд худал мэдээлэл өгөх, хамтран гүйцэтгэгч байгаа бол тэр хүн оргон зайлах гэх мэт зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймээс нягталж мэдээлэх хэрэгтэй.
"Охин эсэн мэнд олдлоо, нас барсан байдалтай байна" гэх батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ цацах нь ёс зүйд нийцэхгүйг хэлье. Үнэн зөв, батлагдсан эх сурвалжтай мэдээлэл түгээх нь чухал байна" гэлээ.