“New York Times” сэтгүүлийн медиа баг Монголд ирж, 10-р Богдын талаар судалж, түүнийг онцолсон мэдээ бэлтгэсэн байна. Тэд энэ мэдээндээ “Төвөдийн буддизмын тэмцэл ба түүний тэг голд зогсож буй найман настай Монгол хүү” гэх гарчиг өгчээ. Мөн 10-р Богдыг Хятадын коммунист намын дарамт шахалтын эсрэг Монголчуудын итгэл үнэмшлийг хамгаалах хүү гэж онцолсон байна. Энэхүү нийтлэлийн агуулгыг та бүхэнд орчуулан хүргэе.
“Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын томоохон компанийн гэр бүлд төрсөн энэ хүү ирээдүйд компанийнхаа залгамжлагчаар тодорч, шилэн цонх, ханатай барилга дотроо сууж, компаниа удирдаж байх ёстой нэгэн аж. Гэвч тэр өнөөдөр Хятадын Коммунист нам болон Далай ламын хоорондох тэмцлийн тэг голд зогсож байна. Энэ бүх зүйл өөрчлөгдөхөд тэр ердөө хөлд орж яваа хүүхэд байв.
Улаанбаатарын төв хийдэд түүнийг болон ихрийг нь аав нь дагуулан очиж, тэд бусад долоон хүүхдийн хамт нэгэн өрөөнд нууцаар шалгуулсан байдаг. Бусад хүүхдүүд ээж ааваасаа холдохгүй дэргэд нь наалдаж, зарим нь чихэр жимс сонирхож байхад А гэх энэ хүү эрх авч, хүзүүндээ зүүжээ. Тэр бусдаасаа өөр байсан юм. Тэр мөн өрөөнд байсан лам дээр очин түүний хөлөн дээр гишгэн тоглосон байна. Эдгээр үйлдэл нь түүнийг маш тод томруун илтгэж байсан гэдгийг ажиглаж байсан лам нар хэлжээ. Тэд ингэж Төвөдийн Буддизмын гурван хутагтын нэг болох 10-р Богдын хойд дүрийг тодруулсан юм.
Монгол улсын хүн амын тал гаруй хувь нь буддын шашинтай. Эл үйл явдлаас хойш долоон жилийн хугацаанд тэд хүүг таньсан гэдгээ нууж ирсэн байна. Ийнхүү энэ оны гуравдугаар сард Далай лам Энэтхэгт болсон хурлын үеэр түүнийг танилцуулсан юм. Энэ мэдээ Монголчуудад баяр хөөр авчирсан.
Богд бол Монголчуудын бэлгэ тэмдэг. Тэд 20-р зууны эхэн үед Богд хаантай байсан түүхтэй. Гэвч угтаа “Хэн Богд болох вэ” гэдэг асуулт Монгол, Төвөд, Хятадад хамаатай эмзэг асуудал юм.
Хятадын коммунист намын хувьд Төвөд дэх хяналтаа чангатгахаар Хятадын газар нутгаас давсан эсэхийг үл ажран Төвөдийн буддизм дахь эрх мэдлээ нэмэгдүүлсээр ирсэн. 1959 онд залуудаа Төвөдөөс явж, Энэтхэгт оршин суугаа, өдгөө 88 настай Далай ламыг Хятад улс Төвөдийг Хятадаас холдуулах гэсэн дайсан гэж тодотгодог. Хэдийгээр Хятадын коммунист нам атейст буюу шашингүй үзэлтэй ч далай ламын хойд дүр болон бусад дээд лам нарыг зөвхөн тэдний нам нэрлэж чадна гэж мэдэгддэг билээ.
2012 онд Богд нас барахад Хятад улс түүний хойд дүрийг тодруулах ажилд нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байсан. Мөн 1995 онд Далай ламын нэрлэсэн Банчин лам алга болж, түүнийг алга болсонд Хятадыг холбоотой гэж үздэг юм. Харин энэ жил Далай лам ийнхүү А хүүг олон нийтэд танилцуулснаар Хятадын нөлөөлөх гэсэн оролдлогыг үл тоомсорлож, итгэл үнэмшлээ харуулсан хэрэг болсон юм. Энэ нь өөрөөс нь том, чинээлэг хөрштэйгөө харилцах Монголын харилцаанд ч сорилт дагуулж болзошгүй болжээ.
А хүүг хэн болохыг нууж, түүнийг хэт шүтэн бишрэгчдээс хамгаалахын тулд ихэр болох Ачилдай, Агудай нар бие биегүйгээр олны өмнө харагдах нь ховор. Далай лам ч, эцэг эх нь ч энэ ёслолд аль хүүг танилцуулсныг олон нийтэд хэлээгүй байна” гэжээ.
Эх сурвалж: NY TIMES