2023 оны аравдугаар сарын 3-ны 07 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болсон охины асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Тэрээр “Аймгийн цагдаагийн газартай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаанд 23 байгууллагын 89 авто тээврийн хэрэгсэл, 245 албан хаагч дайчилж байна. эрлийн ажлыг аравдугаар сарын 3-ны өдөр эхлүүлсэн. Ингэхдээ аравдугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө бүтэн ажилласан. Ард иргэд, ар гэрийн зүгээс хайх ажиллагаанд оролцож, Сайншанд сум тойрон эрлийн ажил явуулсан.
Аравдугаар сарын 4-ний өглөө аймгийн цагдаагийн газар, онцгой комиссын хамтарсан ажлын хэсгийг Дорноговь аймгийн Сайхандулаан сум, Мандах сумын чиглэлд дөрвөн тээврийн хэрэгсэлтэй, 29 албан хаагч томилон явуулсан.
Өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний 18 цагийн орчимд сэжигтэй этгээдийг газар дээр нь саатуулан, баривчилсан. Сайншанд сумаас дахин эрлийн хэсэг гаргаж, Сайхандулаан чиглэлд өөр маршрутаар дөрвөн автомашинтай, 30 гаруй албан хаагч томилогдож ажилласан.
Сэжигтэй этгээдийн хөдөлгөөний маршрутыг аймгийн цагдаагийн газар шуурхай тогтоож, гарсан чиглэлийн дагуу эрлийн ажил явуулсан.
Өнөөдөр өглөө ОБЕГ-ын агаараас эрэн хайх нисэх нэгж, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг өглөө 07:04 цагт Улаанбаатараас хөөрч, 09:20 цагт Мандах сумын нутагт ирж, агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор охиныг олоогүй байна.
Энэ хэрэг зохион байгуулалттай. Авто тээврийн хэрэгслийн дугаарыг балласан. Явц дундаа тээврийн хэрэгслийн өнгийг өөрчилж, улсын дугаарыг өөрчилсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна ” гэв.