Допингийн хэрэгт нэр холбогддог дасгалжуулагч багш Д.Батням хэвлэлд анх удаа ам нээлээ.
Аравдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Монголын Допингийн эсрэг Үндэсний төвийн захирал Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан өрөөнд нэгжлэг хийсэн. Мөн дасгалжуулагч багш Д.Батням, Гавьяат тамирчин Г.Дорж нарын дөрвөн хүний гэрээс допинг олсон гэдэг мэдээллийг олон нийтэд цацсан. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш бид эдгээр хүмүүстэй холбогдож, буруутгагдаж буй хүмүүсээс тайлбар авахаар хөөцөлдөж, дасгалжуулагч багш Д.Батнямаас хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт нь очиж, тодрууллаа.
Тэрээр, "Намайг эмнэлэгт байх хооронд гэрт очиж, нэгжлэг хийсэн байсан. Бүх зүйлийг л сэндийчиж, дэвтэр хүртэл сөхөж үздэг юм байна гэж гэр бүлийнхэн маань хэлсэн. Би “Одоо тэгээд юм байхгүй юм чинь яах вэ дээ” л гэж хэлсэн.
Манай гэрээс дөрвөн зүйл авч явсан байсан. Би 20,30 ширхэг зүрхний эм уудаг. Тэр эмүүдийг авч явсан байсан. Манай эхнэр бас бие сул учраас элэгний нэг тариа хийлгэдэг. Тэр тариаг авч явсан байна. Мөн миний уудаг эмийг дэмждэг нэг тариаг авч явсан байна. Үүнийгээ л допингийн төрлийн бодис гэж хэлсэн байсан. Би учир нь олдоно биз. Допингийн ямар жагсаалтад орж байгаа, ямар эм авснаа өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ л гэж хэлсэн" гэв.
Таны шавь Улсын арслан Э.Оюунболдын тэр тариаг тариулчихвал нисэх юм биш үү, шувуу болох юм биш үү гэж бичсэн чат дэлгэгдсэн шүү дээ. Та тайлбар хэлээч?
Тэр чатыг нь би уншсан. Тэр чатад “Үнийг таривал нисэж магадгүй гэж багш хэлж байна” гээд өөрөө өөр хүнээр тариулах гэхдээ миний нэрийг дунд нь хавчуулсан чат байсан. Сайн уншвал ийм утгатай байсан.
Тэр тариаг танаар тариулаагүй гэсэн үг үү?
Тийм зүйл байхгүй. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үндэсний бөхчүүд илүү юм тарьж байгаагаа багшдаа хэлдэггүй. Яагаад гэвэл багш нь дургүйцнэ. Багш нь төлөвлөөд, бүх зүйлд нягтарсан үед тариа зэрэг элдэв зүйл ярихад хамгийн дургүй. Тийм учраас тэд яаж тариулдаг учрыг нь би сүүлд олсон. Тэд над дээр долоо хоногт хоёр л удаа бэлтгэл хийдэг. Дөрвөн өдөр нь хүчний бэлтгэл хийдэг. Хүч хийдэг багш дээр ажилладаг. Хүчний багш нар нь ихэвчлэн танил, найзууд нь байдаг. Тиймээс тэдэнтэйгээ яаж илүү хүчтэй болох вэ зэргээр ярилцаж байгаад л нууцаар хэрэглэдэг байх. Тэрнээс надад тийм зүйл яривал хөөгөөд л явуулна. Тийм тохиолдол олон бий.
Э.Оюунболд Арслан танд ийм тариа тариулах гэж байна гэхэд нь та “Наад тариаг чинь тариулбал нисэх юм биш үү” гэж хэлж байсан уу?
Үгүй. Зүгээр л хоорондоо ярихдаа Батнямын нэр хавчуулбал жаахан хүч орох юм байна даа гэж ярьж дээ л гэж харсан.
Э.Оюунболд Арслангийн чат дэлгэгдсэний дараа та өөртэй нь ярьсан уу?
Ярьсан. Би “Яагаад ийм зүйл хийж байна вэ. Би чамд юм тарьсан уу, зөвлөсөн үү. Ийм зүйл хийгээгүй бол миний нэрийг хэвлэлээр Батням багш тийм зүйл зөвлөөгүй, хийгээгүй гээд хэл” гэсэн. Тэгтэл “Багш аа, одоо жаахан хэцүү байна. Тийм яриа өгч арай амжихгүй байна гэхээр нь “Чи миний нэрийг ингэчхээд, тэгвэл би чамтай ажиллахгүй. Учир нь би чамайг бөх болгох гээд байхад чи ингэж байгаа бол чамтай ажиллахгүй” гэж хэлээд, түүнээс хойш Э.Оюунболдтой ажиллаагүй.
Та допингийн загалмайлсан эцэг мөн үү?
Хэвлэлээр тийм баатар болоод байна. Гэхдээ Э.Оюунболдын хэлсэн нэг үг байдаг. Тэр нь “Багш аа, та яагаад допингийн талаар юм судалдаггүй юм бэ. Багш нар дотор тань шиг допингийн мэдлэггүй хүн алга” гэж байсан. Энэ үгээрээ “Та допинг мэддэггүй юм байна. Та зөвхөн тактик, ажиллах арга барил заадаг. Допингийн талаар мэдлэгтэй болчихвол бүр төгс болох юм биш үү” гэж байсан. Би хариуд нь “Тэр бол тусдаа шинжлэх ухаан. Мэддэг нэг нь мэдээд, судлаад явна биз. Би судалдаггүй учраас надад хамаагүй” гэж хэлж байсан.
Үргэлжлэлийг дээрх бичлэгээс үзнэ үү.