Энэтхэгийн засгийн газар Канадыг тус улсад байрлах 40 орчим дипломатуудыг эгүүлэн татахыг хүсжээ. Тодруулбал, аравдугаар сарын 10-аас хойш Энэтхэгт үлдсэн албан тушаалтнууд дипломат халдашгүй эрхээ алдах юм байна.
Хэрэг явдлын тухайд, өнгөрсөн сард Энэтхэгийн хүн амын цөөнх болсон Сикх үндэстний нийгэмлэгийн удирдагч Сингх Нажар Канадын газар нутагт бусдын гарт амиа алдсан. Улмаар Канадын засгийн газар энэ хэргийн ард Энэтхэгийн засгийн газар байгаа гэж үзсэнд Энэтхэгийн засгийн газар эгдүүцэж, удаа дараа няцааж буй юм.
Канадын нийслэл Оттавад байдаг Энэтхэгийн дипломатуудаас илүү олон Канадын дипломат Дели хотод байдаг байна. Хоёр орны харилцаа муудсанаас хойш Энэтхэгийн зүгээс Канадыг дипломат үйл ажиллагаандаа илүү тэгш хандахыг мөн хүссэн юм.
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Энэтхэг улстай харилцаагаа хурцатгахгүй байхыг эрхэмлэж байгаагаа энэ долоо хоногийн эхээр сэтгүүлчдэд хэлсэн.
Сингх Нижар нь Канадын иргэншилтэй байсан бөгөөд энэ оны зургаадугаар сард Бритиш Колумб дахь сүмийн гадаа машин дотроо буудуулж, амь насаа алдсан юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нүүрээ халхалсан байсан билээ. Харин Энэтхэг улс Сингх Нижарыг 2020 онд террорист хэмээн зарлаж байсан юм. Канадын ерөнхий сайд парламентдаа хандан тус улсын тагнуулын агентлагууд энэ хэрэгт Энэтхэгийн засгийн газар холбоотой эсэх талаар шалгаж байгаа гэжээ.
Энэ талаарх мэдээлэл есдүгээр сарын дунд үеэс цацагдсанаас хойш хоёр улсын дипломат харилцаа эрчтэйгээр муудсан юм. Тухайлбал, Энэтхэгийн засгийн газар есдүгээр сарын 21-ээс эхэлж Канадын иргэдэд виз олгохоо зогсоосон. Тэд үүнийгээ Канад дахь элчин сайдын яамныхаа аюулгүй байдалтай холбон тайлбарласан. Канад ч мөн Энэтхэг дэх албан тушаалтнуудаа багасгаж байгаа ба Канадын албан тушаалтнууд руу заналхийлсний улмаас ийм арга хэмжээ авч буйгаа хэлсэн юм.
Сингх Нижар нь Энэтхэгийн Пенжаб мужийн нутаг дахь сикхүүдийн Халистан гэдэг хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг дэмждэг байсан ба тус бүс нутагт 1980-аад онд мөргөлдөөн ширүүсэж, олон хүн амиа алдаж байсан гашуун түүх бий. Харин Энэтхэгийн засгийн газрын хувьд Халистан хөдөлгөөнийг дэмждэггүй.
Одоогоор АНУ, Австрали, Их Британи зэрэг улсууд Энэтхэгийг Канадын мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: BBC