Тайландын Бангкок хотын төвд байрлах Сиам Парагон гэх алдартай худалдааны төвд 14 настай этгээд галт зэвсэг ашиглаж, хоёр хүний амь насанд халдсан ноцтой хэрэг гарлаа. Уг хэргээс болж таван хүн мөн шархаджээ.
Тайландын цагдаагийн албанаас мэдээлснээр амиа алдсан хоёр хүн нь Хятад болон Мьянмарын иргэд байжээ. Сэжигтэн цагдаа нарт бууж өгсөн бөгөөд ямар зорилгоор гэмт хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.
Тэр өмнө нь галт зэвсэг хэрэглэж байсан байна. Сэжигтэн хэрэг үйлдсэн худалдааны төвтэй ойрхон байрладаг сургуульд суралцдаг ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар эмчлүүлж байжээ. Хэрэг болох үед Сиам Парагон худалдааны төвд байсан гэрчүүд “Юу болоод байгааг ойлгоогүй, буун дуу хэд хэдэн удаа гарсан, зугтах боломжгүй байсан тул зайрмагийн машины ард нуугдсан” зэргээр үйл явдлын талаар сэтгүүлчдэд ярьжээ.
Тайландад олныг хамарсан галт зэвсгийн халдлага ховор тохиолддог ч тус улс нь галт зэвсэг эзэмшдэг байдлаараа бүс нутагтаа тэргүүлдэг байна. Нэг жилийн өмнө буюу 2022 оны 10-р сард цагдаагийн алба хаагч асан залуу хүүхдийн асрах төвд халдлага үйлдэж, 37 хүний аминд хүрсний дийлэнх нь хүүхдүүд байсан юм. Мөн 2020 онд нэг цэрэг 29 хүний аминд хүрсэн харамсалтай тохиолдол гарч байв.
Тайландад 10 хүн тутмын нэг нь галт зэвсэг эзэмшдэг ба 67 сая гаруй хүн амтай тус улсад 6 сая галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.
Эх сурвалж: BBC