Өнөөдөр Зам тээвэр, хөгжлийн яамны гадаа зуу зуун тээвэрчин жолоочид тулгамддаг асуудлуудаа илэрхийлэн тайван жагслаа. Тэдний шаардаж байгаа зүйл бол хуулийн дагуу ажиллах, шударга байдлыг бий болгох явдал юм. Тээвэрчин жолоочид удаа дараа Зам тээвэр, хөгжлийн сайдад хандсан боловч сайд ямар нэгэн хариу өгддөггүй, тээвэрчидтэй уулзахгүй гэх байдлаар ханддаг нь тээвэрчдийн бухимдлыг төрүүлж байна.
Энэ талаар Соргийн говь ХХК-ийн захирал Х.Бат-Очир, “Манай тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалт ноёлон орж ирээд, үндэсний тээвэрлэгчид шахагдаад байдаг. Тэр болгон тээвэрчид төр засагтаа үгээ хэлж, жагсдаг даа. Олон удаагийн асуудал болж байна. Нэг их үр дүнд хүрэхгүй, байнга л тээвэрчдийн эрх ашиг хохироод байх юм. Тээвэрлэх нь хоёр стандартаар хэрэгжээд байдаг. Нэг хэсэг нь хуваариа С зөвшөөрөл аваад өдөр тутам тээвэрлэж байгаа. Нэг хэсэг нь сард хоёр удаа л хийдэг, амьтай голтой л байна. Үүнийг л өнөөдөр төр засагтаа дуулгаж байгаа нь энэ. Бид олон удаа албан бичиг өгсөн. Сүүлд манай сайд, тээвэрчидтэй ярихгүй ухааны юм яриад гаргаж байсан. Зам тээвэр, хөгжлийн сайд тээвэрчидтэйгээ ярихгүй гэхээр хаанахын сайд вэ гэдэг лоозон хүртэл гараад байгаа юм” гэлээ.
Харин Монгол тээвэр нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Б.Баярсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Бидний харж байгаагаар мэдээж нүүрс худалдан авч байгаа хүмүүс маань давуу байна. Худалдан авагч нарт бүх эрхээ өгч байгаа. Энэ нь даамжирч явсаар байгаад Монгол Улс сүүлдээ эрхээ алдах вий дээ гэж санаа зовох юм. Яагаад дотоодын ААН-ээ дэмжихгүй байна гэхээр, Монгол Улс өртэй, өрнийхөө нүүрсийг хамгийн түрүүнд гаргана гэдэг. Зөв байх л даа. Гэхдээ бодлого нь давхар байхгүй, нэг талаа бариад явах юм бол сүүлдээ улс нь өөрөө эрх мэдэлгүй болох вий дээ. Тиймээс бид салбартаа тулгамдаж байгаа асуудлыг ярилцах гэж энд ирсэн” гэв.
Түүнчлэн Монгол тээврийн ирээдүй ТББ-ын тэргүүн Э.Чимэддагва, ““Монгол тээвэр нэгдэл”, “Монгол тээврийн ирээдүй” ТББ, Нүүрс тээврийн “Хайрхан холбоо” ТББ хамтран өнөөдрийн “Хуулиа биелүүлцгээе” гэх тайван жагсаалынг ЗТХЯ-ны үүдэн зохион байгуулж байна. Тээврээ хийж, хуулиа мөрдөж, татвараа төлөөд явж байгаа хүмүүс, ААН-үүд нөгөө зөвшөөрлөөс нь хүртэж чадах нь багассан. Тэгшитгэсэн хуваарилалтаар олгодог. Үүнээс үүдэн тээврийн компаниудад хохирол учирч байгаа. Тэгэхээр бид АТҮТ, ЗТХЯ хуулиа белүүлээч ээ гэсэн ийм л шаардлага тавьж байна” гэсэн юм.