Телеграм дээрх албан бус хаягууд Е.Пригожин Вагнер бүлэглэлийг удирдах эрхийг өөрийн 25 настай хүү Павелд гэрээсэлж үлдээсэн гэж мэдээлж эхэллээ. Тухайлбал, эдгээр хаягийн нэг нь түүний гэрээслэлийн хуулбарыг авсан гэж мэдээлэн, зургийг нь оруулжээ.
Гуравдугаар сарын 2-нд нотариатаар гэрчлүүлсэн гэх уг баримт бичигт Пригожины 25 настай хүү Павелийг түүний бүх хөрөнгийг өвлөх цорын ганц өв залгамжлагч гэж дурдсан байна. Түүний бүх хөрөнгө гэдэгт Вагнер бүлэглэл ч багтаж буй.
Е.Пригожин энэ оны наймдугаар сард онгоцны ослоор амиа алдсан ба уг албан бус мэдээлэлд дурдсанаар Павел Пригожин есдүгээр сарын 8-нд өв залгамжлах хүсэлт гаргасан гэжээ. Түүнчлэн Павел эцэгт нь өртэй байсан этгээдүүдээс өрийг нь шууд авах эрхтэй болж байгаа ба ОХУ-ын батлан хамгаалах яам Пригожинд 800 сая ам.долларын өртэй гэж дээрх албан бус хаяг мэдээлжээ. Энэ тоог баталгаажуулах боломжгүй байгаа юм.
Энэ оны зургаадугаар сарын сүүлээр Пригожин ОХУ-ын эрх баригчдын эсрэг богино хугацааны бослого дэгдээсэн. Тухайн үед нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2022 оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл Пригожин болон түүний бизнест тус улсын батлан хамгаалах яам 86 тэрбум рубль төлснийг хэлж байсан юм. Үүнээс гадна Пригожины “Конкорд” хоол, хүнсний компани нь Оросын армид хүнс, хангамж нийлүүлэх гэрээний дагуу улсаас 80 тэрбум рубль авсан талаар В.Путин хэлж байсан юм. Вагнер болон Евгений Пригожин нарын талаар байнга мэдээлдэг “GreyZone” гэх телеграм хаяг Павел Вагнерийн дайчдыг Украины дайнд буцаах талаар Оросын үндэсний гвардын Росгвардиа байгууллагатай хэлэлцээ хийж байгаа гэж мэдээлсэн байна.
Вагнер болон ОХУ-ын эрх баригчидтай холбоотой асуудлууд үүссэний дараа ОХУ-ын засгийн газар Вагнерын зэвсгийг хурааж, улмаар Росгвардиа Вагнерын хүнд зэвсгийн ихэнх хэсгийг хүлээн авсан байдаг.
Эх сурвалж: CNN