АНУ-ын түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц үйл явдал тус улсын нийслэлд боллоо. АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Кэвин Мккартиг сонгогдоод нэг жил ч болоогүй байхад нь албан тушаалаас нь огцруулжээ.
АНУ-ын түүхэнд анх удаа ингэж төлөөлөгчдийн танхимын спикерээ огцруулж байгаа юм. Түүнийг огцруулах санал хураалт 210-216 гэсэн харьцаатайгаар өндөрлөсөн байна. Өөрийнх нь намын буюу Бүгд найрамдах намын, хэт барууны үзэлтэй найман гишүүн түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан намын 208 гишүүн түүнийг огцруулах санал өгчээ.
Энэ үйл явдал нь Конгресс болон холбооны засгийн газрын үнэлгээ түүхэн доод түвшиндээ ойртсон байгаа үед, мөн Америкчуудын дийлэнх нь АНУ-ын улс төрийн тогтолцооны ирээдүйд итгэлгүй байгаа цаг үед тохиож байна.
Түүнийг огцруулах саналыг өөрийнх нь намын хүн буюу Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Мэтт Гаетц анх гаргасан байдаг. Тус нам дахь Кэвин Мккатигийн фракц уг саналыг зогсоож чадалгүй, мягмар гарагт ийн санал хураалт явуулжээ. Дараагийн спикерийг сонгогдох хүртэл тус намын Хойд Каролинагаас сонгогдсон гишүүн Патрик МкХэнри үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллах юм. Энэ үйлдлийг Бүгд найрамдах намын зарим удирдагч хүчтэй шүүмжилж байна.
Тухайлбал, дэд ерөнхийлөгч асан, ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Майк Пенс Бүгд Найрамдах намын нэр хүндийг сонгогчдын өмнө илт доройтуулж байна хэмээгээд “Америкийн хүч чадалд эмх замбараагүй байдал хэзээ ч байх ёсгүй” гэжээ. Эсрэгээрээ, түүнийг унагасан өөрийнх нь намын гишүүд хэд хэдэн тайлбар өгч байна. Тодруулбал, Өмнөд Каролина мужаас сонгогдсон конгрессийн гишүүн Нэнси Мэйс түүнийг амлалтдаа хүрээгүй хэмээж “Кэвин Мккарти танхим удирдсанаас удирдаагүй нь хавь илүү” гэсэн байна.
Эх сурвалж: CNN