Цавчаа ногооны асуудал хэд хэдэн эрх баригчдыг суудлаас нь ховх татчихлаа. Худалдан авах хуулиас гадуур авсан шинэ, хуучин нь үл мэдэгдэх 318 тэрбумын эдгээр автобус зам дээрээ бөглөрч, нийтийн автобусандаа хөлдөж үхэх шахдаг нийслэлчүүдийг баярлуулан гомдоогоод амжсан хэрэг.
Гэвч ээлжит нэгэн хулгайн асуудал сөхөгдөж, нүүрсний хулгайн асуудлыг мартах вий.
Өнгөрсөн сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Нүүрсний хэргийн сонсгол явуулахын тулд эхлээд хянан шалгагч, шинжээч нарыг томилно. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргах юм. Улмаар ирэх сард сонсгол болох магадлалтай” гэж байв. Гэтэл өнөө сонсгол зарлах сайд маань хотын дарга болно гэх тохироотой ажиллаж буй.
Дөрөв ч биш, 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудал ямар ч шийдэлгүй өнгөрөх вий гэхээс олон нийт айж байна. Жилээс жилд монголд нүүрлэсэн хулгайн тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр түүнд холбогдох томчуудын хүрээ тэлсээр байна. АТГ-аас анх УИХ-ын 17 гишүүний нэрийг шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой байх магадлалтай хэмээн зарласан байдаг.
Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Бүхэл бүтэн улсынхаа хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 40 их наяд төгрөгөөр хэмжигдэх нүүрсний хулгайн асуудлыг шийдэх, сонсгол зарлахыг олон нийт шаардаж байна.