Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Мурсиа хотод гурван шөнийн цэнгээний газарт гал гарч, 13 хүн амиа алджээ. Ла Фонда гэгддэг шөнийн клубт анх гал дэгдэж, ойролцоох клубүүд руу дамжсан байна.
Амиа алдсан хүмүүс бүгд Ла Фонда клубт байсан бөгөөд тэдний дунд төрсөн өдөр тэмдэглэж явсан гэр бүл ч байжээ. Одоогоор сураггүй алга болсон хүмүүс ч байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхаарууллаа.
Гал клубийн нэг давхраас эхэлж гарсан бөгөөд юунаас болж дэгдсэнийг мэдэхээр албаныхан ажиллаж байна.
Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэнээр "Ла Фонда"-гийн дээвэр нурсан нь хохирогчдын байршлыг тогтоох, юу болсныг тогтооход хүндрэл учруулж байгаа аж.
Шөнийн клубт байсан 28 настай эмэгтэй ээж рүү гээ “Би тандаа хайртай шүү, бид үхэх нь” гэж мессеж бичсэнийг Испанийн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тус эмэгтэй амьд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ хэрэг Испанийн сүүлийн 30 жилийн түүхэн дэх шөнийн клубт болсон хамгийн хохирол ихтэй гал түймэр боллоо. 1990 онд мөн ижил хэрэг гарч, 43 хүн амь насаа алдаж байсан харамсалтай түүх бий.
Эх сурвалж: BBC