“Ногоон автобус”-ны асуудлаар АТГ-аас мэдээллээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ, ЦЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн, шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хугацаанд “Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван обектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Мөн уг дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлын дагуу явуулсан байна. Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэн холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ.
Энэ ажиллагаа одоо дуусаагүй, үргэлжилж байгаа гэдгий тодотгож хэлэх нь зөв байх. Мөн БНСУ-ын Daewoo гэх компанийн холбогдох хүмүүсийн мөрдөн шалгаж байгаа бөгөөд тухайн улсын элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагаануудыг явуулж байна.
Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байна. Иймд БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөн, ажиллаж байна.
Энэ “Тэнүүн-Огоо” компанийн нийлүүлсэн “Ногоон автобус” гэж тодотгож буй энэ асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулдаг "Эрдэм транс" компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai маркын автобус импортлон оруулж ирээд, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлах байдлаар бүртгүүлэн, хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар Улсын төсвөөр санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирлыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна” гэлээ.